Агаарын навигацийг хувьчлахгүй байхыг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдлаа. Хуралдаанаар “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, Иргэний нисэхийн тухай хуулийн хүрээнд агаарын навигацийн үйлчилгээний тоног, төхөөрөмжүүдийг шинэчлэх, орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг улсын төсвийн хөрөнгөөр үе шаттайгаар хэрэгжүүлжээ. 2015 оны жилийн эцсийн байдлаар 40.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 9 төрлийн ажиглалтын, 87.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн навигацийн, 9.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 13 төрлийн холбооны тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашигласан байна.
Иргэний нисэхийн хуульд зааснаар агаарын навигаци гэж агаарын хөлгийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны цогцолбор юм.
Манайх олон улсын иргэний нисэхийн Чикагогийн конвенцид нэгдэн орсон. Иймд агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байх үүргийг манай улс хүлээжээ.
Гишүүд УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд шилжүүллээ.
Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ