Г.Ганбаяр бэлгийн гэрээ цэцэрлэгт хандивлана

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, дэслэгч Г.Ганбаяр галын аюулаас дөрвөн хүний амийг аварсан. МУЗН үндэсний хүмүүнлэгийн байгууллагын хувьд хүний алтан амийг аварсан дэслэгч Г.Ганбаярт хүндэтгэл үзүүлж, урамшууллаа. УИХ-ын гишүүн, МУЗН-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Х.Нямбаатар, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлсэн байна.
Дэслэгч Г.Ганбаярыг МУЗН-ийн “Нигүүлсэл” алтан медалар шагнаж, иж бүрэн таван ханатай гэр бэлэглэлээ. Мөн хүмүүнлэгийн тусламж болох гэр ахуйн болон эрүүл мэндийг багцаар урамшуулжээ.
Дэслэгч Г.Ганбаяр хэлэхдээ “Хүний амь нас аварч, хүмүүнлэг үйлс бүтээсэн хэмээн надад МУЗН-ийн нэр хүндтэй шагнал хүртээсэнд баярлаж байна. Цагдаагийн ажилтны хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ биелүүлсэн. Тухайн үед би ажилдаа явж байсан. Гэтэл амбаар шатаж, утаа олгойдож харагдсан. Хашааг давж ороод байшингийн цонхийг хагалахад хар утаа гарч, амьсгал боогдох шинжтэй байв. Байшин дотор хүн байгааг мэдээд явж орсон. Тэнд байсан 4 хүний амьсгал боогдож эхэлж байв. Тэгээд цаг алдалгүй тэднийг байшингаас гаргаж чадсан. МУЗН-ийн бэлэглэсэн монгол гэрийг хорооныхоо эмзэг бүлгийнхний цэцэрлэгт хандивлах хүсэлтэй байна. Цаашид өргөсөн тангарагтай үнэнч байж, хүн хүндээ туслах, дэмжих сайхан сэтгэлийг эрхэмлэж явна хэмээлээ.
Мөн галд байшингаа шатаасан тус дүүргийн 25 дугаар хорооны иргэн Ц.Найманжинд иж бүрэн гэр, дөрвөн хүний хөнжил, гудас болон бусад хүмүүнлэгийн тусламжийг энэ үеэр өглөө.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ