Мал тооллогыг Хаан банкныхантай хамт явж хийдэг үү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн хариуллаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Бид олон жил махаа гадагш гаргаж мөнгөтэй болно гэж ярилаа. Гол учир шалтгаан нь манай мал өвчтэй байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Хамгийн гол нь хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Вакцин үйлдвэржүүлэлтийн асуудал хүндрэлтэй байгаа. Биокомбинатын үйлдвэр технологийн шинэчлэлийн төслийн ажлыг 2017 оны эхний улиралд багтан Унгар Улс, Монгол Улсын Хөдөө аж ахуйн яамдын хамтын ажиллагааны хүрээнд эхлүүлнэ гэж байна. Энэ шинэчлэл хийгдсэнээр манай улсад 1000 ажлын байр бий болж, мал аж ахуйн тарилга,вакцинаа дотооддоо 100 хувь үйлдвэрлэдэг болно гэж байгаа. Яг хэзээнээс энэ жил хэрэгжих вэ?
-Энэ бол чухал асуудал. Оны өмнө Унгар улсад айлчилсан. 2017 оны эхний улиралд багтаж, энэ ажлын нээлтийг хийхээр тохирсон. Манай яаман дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Хоёр ажлын хэсэг нэгдэж ажиллаад, техникийн хороогоороо асуудлыг шийднэ. Унгарын хөдөө аж ахуйн сайд энэ ажлыг эхлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Энэ төслийн хүрээнд байшин барилга шинэчилнэ. Мөн тус улсын 100 мэргэжилтэн ирж болно гэсэн мэдээллийг өгсөн.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
Малынхаа тоог бодитой гарга. Мал тооллогыг Хаан банкныхантай хамт явж хийдэг гэсэн шүү. Намайг бага байхад мэнгэ, тэмдгээр нь тоолдог байсан шүү. Би тэр малыг тоолж байсан хүний нэг. Яагаад бодитой тоо гарга гээд байна вэ. Үүнээс чинь бэлчээрийн даац, эм тарианы өртөг гаргана. Засгийн газар мөнгө төгрөг нэмж гаргах шаардлага гарах байх. Мал тооллогын ажлыг хиймээр байна. Үндсэн тооллого худлаа бол дагаар бүх зүйл худлаа болно. Амьдралд нийцсэн зүйл гаргахгүй бол хэцүү шүү.
-Одоо байгаа бүтцээр суманд Мал эмнэлгийн тасгийн 3 хүн байдаг. Малаа эмчилдэг эмч байхгүй. Хариуцлага тооцох механизм байхгүй. Тиймээс Улсын мал эмнэлгийн газартай болгохоор ярьж байгаа. Нэгдсэн удирдлагатай, хариуцлагатай байя гэж байгаа. Үүнтэй холбоотой дүрэм журам гарсан ч үр дүнд хүрэхгүй байгаа. Малын тооны хувьд мөн анхаарсан. Малын тоон дээр давхар тооллого явуулсан. Малын цэцэг өвчинтэй холбоотой вакцин хийсэн. Харин энэ үеэр бодитой тоо гарсан гэж бодож байна.
Ийнхүү гишүүд асуулт тавьсаны дараагаар үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ