Л.Оюунжаргал: Цасан шуурга шуурч, гамшигт үзэгдэл болно

Хүйтний эрч чангарч, хүчтэй цасан шуурга шуурахыг Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. Энэ талаар ЦУОШГ-ын урьдчилан мэдээлэх хэлстийн дарга Л.Оюунжаргалаас тодрууллаа.
-Хүчтэй цасан шуурга шуурч, гамшигт үзэгдэл болно гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай байгууллагаас цаг агаарын өөрчлөлт, аюулт үзэгдэл, гамшигт үзэгдэл болох гэж буй тохиолдолд гурван төрлийн мэдээ гаргадаг. Цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, цаг агаарын аюулт үзэгдэлт хүрэхгүй хэмжээнд ажиглагдсан тохиолдолд анхааруулах мэдээ гаргадаг. Мөн цаг агаарын аюултай үзэгдлийн хувьд сэрэмжлүүлэх мэдээ гаргадаг. Харин цаг агаар гамшигт үзэгдлийн хэмжээтэй байвал урьдчилан сэргийлэх мэдээ гаргадаг юм. Энэ удаагийн цасан шуурга гамшигт үзэгдлийн хэмжээтэй байгаа учраас урьдчилан сэргийлэх мэдээ гаргаж байна. Тодруулбал өнөө шөнө Өвөрхангай, Булган, Төв, Дундговийн нутгаар, маргааш өдөр Төв, Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Сибирийн хүйтэн агаарын нөлөөгөөр огцом хүйтэрнэ.
-Энэ удаагийн цасан шуурга онцгой үзэгдэл үү?
-Манай улсад 2009, 2013 онуудад хүчтэй цасан шуурга болж байсан. Сүүлд 2013 оны нэгдүгээр сарын 31-нд цасан шуурганы хүчтэй гамшигт үзэгдэл тохиолдсон. Тухайн үед салхины хурд 16 метр секундэд хүрч байсан. Мөн 2009 оны арванхоёрдугаар сард ийм нөхцөл байдалд хүрч байсан. Тиймээс энэ нь онцгой үзэгдэл биш гэж хэлж болно. Онцгойлон анхааруулж буй учир нь ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байсан учраас ард иргэд тайвширсан байгаа. Иймд хувийн бэлтгэл базааж, цасан шуурганд хохирол амсахгүй байлгах үүднээс мэдээлж байгаа юм.
-Хүйтний эрч хэдэн градусаар нэмэгдэх төлөвтэй байна вэ?
-Салхины хурд 16 метр, секундээс дээшилж, цас орсон тохиолдолд нэлээдгүй хохирол дагуулдаг. Өнөө шөнө Өвөрхангай, Төв аймгийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар, маргааш өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүснэ. Хүчтэй салхилж, агаарын температур энэ сарын 30-ныг хүртэл одоогийнхоос 10 орчим градусаар нэмэгдэж хүйтэрнэ. Энэ сарын 28-29 нд шилжих шөнө нэлээд хүйтэрнэ.
-Улаанбаатарт цаг агаар ямар байх вэ?
-Нийслэл хотод өнөө шөнөдөө цас орж, шуурна. Маргааш өдөртөө өнөөдрөөс 10 гаруй градусаар хүйтэрч 22-24 градуст хүрч, хүйтэрнэ.
-Хэзээнээс цаг агаар тогтуун болох вэ?
-Энэ сарын 29-нөөс хойш цас, цасан шуурганы үзэгдэл намдана. Гэхдээ агаарын температур хүйтэн хэвээр байна.
-Энэ өвөл цаг агаар олон жилийн дунджаас хүйтэн байв уу?
-Олон жилийн дунджаас нутгийн зүүн хагастаа харьцангуй хүйтэн байлаа. Харин хур тунадас олон жилийн дундаж орчим байлаа.
-Ард, иргэдэд сэрэмжлүүлэх хүргэхгүй юу?
-Цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэх тул зам даваа хаагдах, үзэгдэх орчин муудах тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ