Мөнгө тараасан нэг ширхэг ч үйлдэл байхгүй

АН-ын даргын сонгуулийн үр дүнгийн талаар тус удирдлагууд, сонгуулийн хорооныхон, зарим нэр дэвшигчид мэдээлэл хийлээ. АН-ын даргын сонгуульд хамгийн өндөр оноогоор УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ялсныг зарласан юм. Дараагаар нь АН-ын даргын сонгуульд ялагч С.Эрдэнэ:
-Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мянган гишүүнтэйгээ уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж явж ирлээ. Амаргүй байсан. Сонгуулийн дараагаар ялагдлын байдалтай байсан АН маань сонгуулийн үеэр хөл дээрээ бослоо. Цаашдаа улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд шилжихэд бэлэн боллоо гэж харж байна. Хамт нэр дэвшсэн дөрвөн журмын нөхдөдөө баяр хүргэе. Бид бүхэн намын шинэчлэлийн төлөө тавуулаа зорьж ирлээ. Хэн нь ч ялсан бусад нь ялсныгаа дэмжинэ гэж ярьсан. Цаашдаа баг болж намын шинэчлэлийн төлөө ажиллах болно. Миний хувьд намын эв нэгдлийг хангаж, үзэл баримтлалыг шинэчлэхээс ажлаа эхэлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн, бэлтгэл ажилдаа шуурхайлан орно. Эрхэм дөрвөн нөхөр болон намынхаа мянга мянган гишүүдтэйгаа хамтарч ажиллана. Сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хороо, намын удирдлагууддаа талархлаа илэрхийлье хэмээлээ. Дараагаар нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-АН-ын дотоод сунгаа сүүлийн 40 хоног үргэлжилж өндөрлөлөө. Хамтдаа нэр дэвшиж сонгуульд оролцсон журмын нөхөддөө талархал илэрхийлье. Сонгуулийн хороо, гишүүд дэмжигчдэдээ талархаж байгаагаа хэлье. Энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ялалт байгууллаа. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхөд оршдог. Ялалт байгуулсан С.Эрдэнэдээ баяр хүргэе. Нөхрийн хувьд дэмжиж ажиллана. АН-ын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэлд бид тууштай ажиллах ёстой. АН-даа амласан реформоо хийх ёстой хэмээлээ. АН удирдлагууд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Таныг намын даргад С.Эрдэнийг тодруулаад өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн яриа байна. Танай намын зарим гишүүд саналаа өгч чадахгүй байна гэсэн. Үүнд тайлбар хийнэ үү?
АН-ын дарга З.Энхболд:
-Би Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. АН-ын даргын албаа хүлээлгэж өгөөд, жирийн иргэнээр ажиллана. Бүртгэлийн тухайд анхан, дунд шатны намууд хувьчлагдчихаад байна гэсэн юм. Анхан, дунд шатны намын байгууллагад бүртгэхгүй байвал төв нам дээр ирж бүртгүүлнэ гэдэг эрхийг нээсэн. Би Энэтхэг яваад ирэхэд Хэрэг эрхлэх газар дээр асуудал үүсгэсэн байсан. Хэрэг эрхлэх газрын ажилтнууд 100 100-гаар нь хэн нь мэдэгдэхгүй бүртгэл хийсэн байсан. Таван нэр дэвшигчээс Л.Гантөмөрөөс бусад нь тухайн гишүүдийн санал өгөх эрхийг хаах санал гаргасан.
Хавар ҮЗХ-ны гишүүдээ шинэчилнэ. Төв нам дээр цугларсан 16 мянган гишүүний бүртгэл саналын эрхтэй болж чадаагүй. Өөрийн биеэр ирээгүй, нэг хүн 100 100-гаар нь анкет авчирч бүртгүүлсэн. Хэрэг эрхлэх газрын ажилтнуудад хариуцлага тооц гэдгийг Л.Эрхэмбаяр даргад үүрэгдсэн. Өөрийгөө од болсон гэж тооцон анхан шатны нам дээр очиж бүртгүүлээгүй М.Батчимэг гишүүн шиг хүмүүс хохирсон байна лээ. Баахан алдартай хүмүүсийн зураг хийгээд, тэрний, энэний саналыг З.Энхболд өгүүлсэнгүй гэж хэлсэн байна лээ. Хэн нэг од болсон гишүүдэд гаргах тусгай шийдвэр байхгүй. АН-ын гишүүн бүр адил эрхтэй.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Би хамт нэр дэвшсэн дөрвөн нөхрийгөө өрсөлдөгч гэж хараагүй. АН-ын шинэчлэлд хамтран зүтгэгч гэж харж байгаа. Цаашдаа хамтарч ажиллаж болохгүй.
-Ж.Батзандангаас бусад нь ирээгүй байна. Энэ нь таныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж ойлгож болох уу? Та хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжих вэ?
-Бид тавуулаа байнга уулзаж, цуг явсан. Хэн нэг нь ялагч болсон тохиолдолд нөгөө дөрөв нь үг дуугүй хүлээн зөвшөөрч, баг болж явна гэж ярьсан. Манай 3 нэр дэвшигчийн хувьд нойр хоолгүй явж байсан учраас хүндэтгэх шалтгаан гэж харж байгаа. Биднийг бутарч, хагарчаасай гэж хүсч байсан бүлэглэл, хүмүүс байсан. Үүнийг давж чадсан. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд байна. Өнөөдөр би хэн нэгнийг нэрлэхгүй. АН-ын дарга болсон ч Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг би тодруулахгүй. Нийт гишүүдийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна.
-Та “Шонхор” фракцын хүн. Та фракцуудтай хэрхэн ажиллах вэ?
-АН-ын даргын сунгаагаар нам өөрөө фракцгүй байх шинэчлэл хийгдсэн. Ямар нэг фракц бүлэглэлийн нөлөөнд орох эрх байхгүй. Би нийт гишүүдийн эрх ашгийг төлөөлж ажиллана.
-Та Ерөнхий нарийн бичгийн даргаараа хэнийг томилох вэ? Ж.Батзандан гишүүн АН-ын бүлгийн дарга болох уу?
-Сонгуулийн дүн дөнгөж гарч байна. Тиймээс томилгоог яаран сандрах ярихгүй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Хэн нь ялсан хамтдаа ардчиллын төлөө яваарай гэж бүх гишүүд захиж байсан. Энэ утгаараа ялагчаа хүлээн зөвшөөрч, хамтарч ажиллахаа илэрхийлж байгаа юм. АН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн хүн. Энэ утгаараа АН-ынхаа эв нэгдлийн төлөө ирсэн юм.
-Сонгуулийн санал хураалтын өдөр мөнгө тараасан гэх бичлэг яваад байна. Үүнд тайлбар хийхгүй юу?
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Ямар нэг мөнгө тараасан нэг ширхэг ч үйлдэл байхгүй. Хэрвээ мөнгө тараасан байвал намын даргын албан тушаалд очихгүй байх ёс зүй надад байгаа. Ямар ч хамаагүй аргаар оноо цуглуулах гэсэн оролдлого гарсан.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ