Дөрвөн салбарын ОАТ-ыг 90 хувь хөнгөлнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай болжээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхлэж буй аж ахуйн нэгж байна. Иймээс нэр бүхий салбарт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.
Жижиг дунд буюу жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар албан татвар ногдуулах зохицуулалтыг хийснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа задлах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар энэхүү хөнгөлөлтөд өргөнөөр хамрагдах, улмаар төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Иймээс албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх таатай нөхцөл бүрдэх гэнэ. Үүгээр зогсохгүй шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмэж татах нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Энэ хуулиар дөрвөн салбарыг хамруулжээ. Өрхийн бизнес эрхэлдэг, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих намын мөрийн хөтөлбөрийн амлалт хэзээ хэрэгжих вэ. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед дэлгүүр ажиллуулж байгаа, жижиг дунд бизнес эрхэлж байгаа үйлчилгээний салбарынхныг хамруулах дараагийн шат хэзээ бол” хэмээсэн асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Эхний ээлжинд энэ дөрвөн салбарыг хамруулж байна. Дараа жилээс бусад салбарыг хамруулах асуудлыг оруулна” гэлээ. Мөн гишүүн М.Билэгт худалдаа, үйлчилгээний салбарынхны татварын хөнгөлөлт хамруулах шаардлагатай гэсэн санал хэлсэн юм.
Ингээд зарчмын зөрүүтэй санал хураалт явуулав. Ингээд гишүүдийн олонхийн саналаар баталлаа. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь мөрдөхөөр тусгажээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ