Агаарын навигацийг хувьчлахгүй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцүүлгийн үеэр Хөгжлийн банкны хуулиас гадуурх эрх үүргийг тодорхой тусгаж өгөхийг гишүүн Б.Батнасан анхааруулж байлаа.  Уг хуулийн төслийн зарчмын зөрүүтэй санал хураалтыг явуулж, холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

 

Өнөөдрийн чуулганы хуралдааныг ийнхүү өндөрлүүлэхээр төлөвлөж байсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Манай Эдийн засгийн байнгын хороо маргааш өглөө хуралдаантай. Харин чуулганы хуралдааны эхэнд  манай байнгын хороогоор хэлэлцсэн Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эхлэн хэлэлцэхээр байна. Үүнийг одоо хэлэлцээд өгнө үү” гэсэн санал гаргасан юм. Уг саналыг гишүүд дэмжлээ. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

 

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, Иргэний нисэхийн тухай хуулийн хүрээнд агаарын навигацийн үйлчилгээний тоног, төхөөрөмжүүдийг шинэчлэх, орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг улсын төсвийн хөрөнгөөр үе шаттайгаар хэрэгжүүлжээ. 2015 оны жилийн эцсийн байдлаар 40.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 9 төрлийн ажиглалтын, 87.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн навигацийн, 9.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 13 төрлийн холбооны тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашигласан байна.

 

Иргэний нисэхийн хуульд зааснаар агаарын навигаци гэж агаарын хөлгийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны цогцолбор юм. Манайх олон улсын иргэний нисэхийн Чикагогийн конвенцид нэгдэн орсон.  Иймд агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байх үүргийг манай улс хүлээжээ.

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.

 

Ийнхүү Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.
Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ