Хэнийгээ ч хэмлэж идэх аянд мордсон байна

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулахдаа хятад жуулчдыг визгүй нэвтрүүлэх асуудлыг судалж байгаагаа талаар дурдсан. Мөн түүний албан өрөөнд гитар тоглон дуулж байгаа зураг сошиалд тарж, олны анхааралд өртөөд байгаа. Согтууруулах ундаа хэрэглэн, дуулж байна гэх хэсэг байхад албан өрөөнд ийн гитар тоглон дуулж байгаа нь ёс зүйн хувьд хариуцлагагүй үйлдэх гэж шүүмжлэх хэсэг ч байна. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол сэтгүүлчдэд мэдээлэл хийж, тайлбар өглөө.
-Хятадын жуулчдыг визгүй оруулах яриа яагаад гарах болсон бэ? ГХ-ны сайд таныг буруу ойлгожээ гэсэн тайлбар хийж байсан.
-Аялал жуулчлалын салбарт хил орчмын аялал жуучлалыг хөгжүүлэх шаардлагатай байна гэдгийг аймаг, орон нутгийн удирдлагууд БОАЖЯ-тай гэрээ хийхдээ санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл, Дорнодын хилээр орж ирээд Дорнод аймгийг үзэх жуулчид Улаанбаатарт ирж виз авдаг хүнд сурталтай аялал жуучлалын бодлого байх нь төвөгтэй байна. Тийм учраас бүлэг жуулчдыг орж ирэхэд нь визний хөнгөлөлт үзүүлэх талаар ГХЯ манай яамтай хамтран ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр яг ингэж хариулсан. Хөнгөлөлтөө яаж үзүүлэх вэ гэдэг дээр онцгой анхаар байгаа. Бүлэг жуулчин гэдэг аялал жуучлалын мэргэжлийн байгууллагаар дамжин, нарийн зохион байгуулалтт орж ирдэг хяналтын тогтолцоотой болно. Нөгөө талаас Монгол Улсад Хятадын иргэнийг визгүй зорчих асуудлаар ямар ч шийдвэр гараагүй, гарах ч үгүй. Ингэж Монголчуудыг талцуулах хуваах, нөгөө талдаа гадаад харилцаандаа маш эмзэг сэдвийг мэдээллийн хэрэгслээр цацаж байгааг нь буруу гэж боддог. Үүнийг олон нийт ч, хууль хяналтын байгууллага ч анхааралтай харж байгаа байх. Монголын аялал жуучлалыг бүлэг жуулчин оруулж ирэхгүйгээр хөгжүүлэх боломж байхгүй байна. Энэ асуудлаа ГХЯ, манай яам хоёр үргэлжлүүлэн судалж ажиллана.
-Та олон нийтийн сүлжээнд гарсан гитар тоглож байгаа зурагтаа тайлбар хийнэ үү. Албан өрөөндөө иймэрхүү үйлдэл гаргах нь зөв үү?
-Би энэ зургийг гаргаж тавихаар гайхаж байсан. Нэгдүгээрт, төрийн албан өрөө ерөөсөө биш. Би амьдралдаа худлаа ярихыг хэзээ ч хүсдэггүй. 20 жил улс төрд явж байна. Төрийн ордны албан өрөө ч биш, яамных ч биш. Миний байгуулсан сургууль дээр, охиныхоо өрөөнд ороод амсхийн зуур сонгуулийн өмнө авсан зураг. Тэнд орж ирээд ямар хүн зураг авсан гэдгийг мэдэж байгаа. Тэнд архи дарс уусан зүйл байхгүй. Ядарсан үедээ ч юм уу, чөлөөт цагаараа би гитар тоглох дуртай. Улстөрч боллоо гээд гитараа хэзээ ч орхидоггүй. Надад олон ч гитарын цуглуулга байдаг. Тоглох ч дуртай. Тэр өрөөнд орж ирээд зураг дарахад нь би “Битгий зураг дар” гэж гараараа хаалт хийсэн. Яг тэр хэсгийг гаргаад тавьж байгаа нь Монголд өнөөдөр хүн чанарын хэлтэрхий хаашаа явж байгаа юм, хэнийгээ ч хэмлэж идэх аян дайнд мордсон байна гэдгийн загварыг саяын олон нийтийн сүлжээгээр гарсан зураг харууллаа. Төрийн албаны ёс зүй ярьж байгаатай ямар ч холбоогүй асуудал. Би Монголын төрд 20 жил зүтгэхдээ архи дарс ууж байгаагүй. Энэ зургийг ямар хүн тавьсаныг би мэдэж байгаа.
-Энэ зурагтай холбоотой танд өөрт чинь хэр “дайралт” ирсэн бол?
-Олон хүн шүүмжилж, заналхийлж, мессеж ирүүлсэн. Энэ бүхнийг ярилтай биш. Хэр баргийн юманд цочирдоод байдаггүй. Ноцтой мэдээлэл бичиж, заналхийлсэн мэдээллийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна. Хүний эрх гэж ярих дуртай. Дөрөв дэх засаглал хэвлэл мэдээлэл гэж ярьдаг. Хэвлэл мэдээллийн нэр хүндийг хүний нэр төрд халдах байдлаар ашиглаж байгаа хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Хувь хүний нэр хаяггүй, фейсбүүк, твиттер хаягаар орж дайрч доромжилдог зүйл нэлээн газар авч байна.
Монголын оюун санаа хэр их хоосорч байгаа. Эдийн засгийн хямрал гэхээсээ тархи нь илүү ядуу болж байгааг харуулсан загвар гэж боддог. Би төдийлөн олон нийтийн сүлжээнд ороод бичээд, яриад, хөөрөөд байдаг идэвхитэй бичигч биш. Гэхдээ би байнгын уншигч. Харахаар хэр хэмжээнээсээ хэтэрч байгаа юм байна. Монгол Улсын тусгаар тогтнол, эв нэгдлийг хагалан бутаргах, зохион байгуулалттай дотор нь үймүүлэх үйл ажиллагаа яваад байгаа юм биш биз дээ гэдэг болгоомжлол өнгөрсөн долоо хоногт болсон мэдээллээс харагдлаа.
Итгэлтэй байгаарай гээд урам зориг өгч байсан хүмүүст би талархаж байна. Энэ нийгэмд ийм хүмүүс нь олон байдаг юм байна. Тийм учраас нийгэм зөв зам руугаа явчих тийм боломж бололцоо байгаа гэж хардаг. Цаашдаа манай хэвлэл мэдээллийнхэн твиттер, фейсбүүк эзэн биегүй, та бүхний оюуны хөдөлмөрийг үнэгүйдүүлж, энэ нийгмийг хагалж байгаа хамгийн том зүйл юм бол хуульдаа өөрчлөлт оруулах чиглэлээр та бүхэн санал санаачилга гаргаж, хамтран ажиллаасай. Би ч гэсэн Засгийн газрын гишүүний хувьд хамтран ажиллахад бэлэн байна. Өнөөдөр Монголоос интернэтийн замбараагүй хэрэглээтэй улс орон байхгүй. Таван одтой зочид буудалд буусан ч 30 доллараар интернэтийн хэрэглээгээ авах эрх үүсэж байгаа. Түүнээс бидэн шиг замбараагүй хэрэглээтэй, цулыг задалсан, задрал руу Монголыг явуулах гэсэн хорон юм байгаа. Тийм учраас хуульд нэмэлт өөрчлөлт ороосой гэж бодож байна.
-Бүлэг жуулчин гэдэгт хэдэн хүнийг тооцож байна вэ. Жилд ирдэг жуулчдын хэдэн хувь нь бүлгээрээ ирдэг юм. Засгийн газрын хуралдаанаар хэзээ визийн хөнгөлөлтийг үзүүлэх вэ?
-2013 оноос эхэлж бүлэг жуулчныг хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх гэдгийг олгоод нэвтрүүлсэн. Нэг удаагийн зориулалттай үнэмлэх олгодог. Энэ үнэмлэхээр ОХУ, Мьянмар, Вьетнам, Лаос, Хойд Солонгос зэрэг орнуудад зорчих боломжтой гэж Хятадууд өөрсдөө тодорхойлсон байгаа. Манайд орж ирж байгаа 15-30 хүртэлх хүний тоонд байгааг бүлэг жуулчид гэж үздэг.
Визгүй зорчуулах тухай асуудал байхгүй. Нэг хүн байхгүй бол бүлэг жуулчдыг бүхэлд нь гаргахгүй. Өөрөөр хэлбэл, 15 хүн орж ирчихээд 14-үүлээ гарах гэвэл нэг хүнээ олж ир гээд хилээр гаргахгүй, зогсоочихно. Энэ бол хатуу шалгууртай, шаардлагатай үйл ажиллагаа. Тийм учраас цаашдаа ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Замын-Үүдийн Шалган нэвтрүүлэх боомтоор 2015 онд 13900 хятад жуулчид аялсан байдаг. Энэ үнэмлэхээр нэвтэрч байсан жуулчдыг 2016 оны хоёрдугаар сараас зогсоосон. Монголд АСЕМ-ын уулзалт болохтой хобоотойгоор энэ үед дээрх шийдвэрийг гаргаж зогсоосон. Энэ асуудлыг сэргээх тухай л ярьж байгаа, шинэ зүйл биш шүү дээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ