Л.Гансүхийн асуудлаар Ерөнхий прокурорт хандана

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийв. Бүлгийн хуралдаанаар нийт 6 асуудал хэлэлцжээ. Эрүү болон Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт орох гэж буйтай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагууд болон мэргэжлийн хүмүүсээс тайлбар авсан байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн бөгөөд Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой мэдээлэл авах байсан ч түр хойшлуулжээ. Мөн Засгийн газрын 200 дахь хоногийн үр дүнгийн талаар хэлэлцсэнээс гадна УИХ-ын гишүүн асан Л.Гансүхээс ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцжээ. АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ мэдээлэлдээ:
-Эрүүгийн, Зөрчлийн хууль нь 2015 онд батлагдсан. Ирэх 7 дугаар сард хэрэгжих ч Засгийн газар нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Иймээс юуны учир яагаад эдгээр хуулинд өөрчлөлт оруулах болов гэдэг дээр тайлбар авлаа. "Хуулийн үндсэн үзэл санаанд өөрчлөлт орохгүй. Зарим засвар өөрчлөлт орно. Хэрэгжих боломжгүй заалтууд байна, ялангуяа Эрүүгийн хуулинд долоо хоног түүнээс дээш хоног хорино гэж тогтоосон нь хорих байруудыг нэмэх шалтгаан болж байгаа тул хуулинд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн" хэмээн ярьж байна. Тиймээс тэдгээр хуулинд ямар өөрчлөлт орж байгаа талаар нийгэмд мэдээлж, олон нийтийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулахыг санал болгосон.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаагүй. Гэхдээ тус бүлэг уг хуулийг авч хэлэлцээд МАН эрх барих хугацаандаа төрийн албаны бүх түвшинд давхар дээлтнүүдийг төрүүлэх гэж байгаа тул дэмжихгүй гэдэгт байр суурьд нэгдсэн. Засгийн газрын 200 дахь хоногийн дүнг ирэх долоо хоногт дахин авч хэлэлцээд, олон нийтэд албан ёсны мэдээлэл тайлбар хийх нь зүйтэй хэмээн үзлээ. Засгийн газар хангалттай сайн ажиллахгүй байна. Сүүлийн нэг, хоёр өдрөөс харахад, бензиний үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдсэнийг нэрлэж болно.
УИХ-ын гишүүн асан Л.Гансүх өмгөөлөгчөөрөө дамжуулан манай бүлэгт захидал ирүүлсэн. Уг захидалд Л.Гансүхийн хоригдох хугацаа дууссан, өр төлбөрөө барагдуулсан, гурван удаа прокурорт хандсан ч хоёр удаа буцсан. Гэр бүлийн хүн нь хүнд өвчтэй байгаа зэрэг олон шалтгааныг дурдсан байсан. Бидярилцаад бүлгийн гишүүд УИХ-ын гишүүнийхээ хувиар гарын үсэг зурж Улсын Ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлэх шийдвэр гаргалаа. Бүлэг улс төрийн албан ёсны байр сууриа одоогоор илэрхийлэх боломжгүй гэж үзсэн учир гишүүдийнхээ хувиар Ерөнхий прокурорт хандахаар боллоо хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ