ОУВС-тай ойлголцох шаардлагатай

img

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байлаа. Тус байнгын хороо Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдсон, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм.  

 

Өмнөх хэлэлцүүлгийн үеэр уг хуультай холбоотой ОУВС-гийн хэлэлцээртэй холбоотой хойшлуулах саналыг гаргаж байсан юм. Харин энэ удаад ОУВС-гийн хэлэлцээр үргэлжилж байгаа хэдий ч тодорхой шийдэлд хүрээгүй байлаа. Энэ оны улсын төсөвт Хөгжлийн банкны хөрөнгө оруулалт ч холбогдож байгаа. Харин ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих эсэхээс шалтгаалан улсын төсвөөс Хөгжлийн банкийг хамааруулах  заалтыг салгах  эсэх асуудал үүссэн байна. Үүнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

 

-ОУВС-тай гэрээ хэлэлцээ хийж байгаа  нөхцөл дотор орсон энэ асуудлаар би Засгийн газар, Сангийн яамнаас бичиг хүсээд байгаа. Хөгжлийн банкны тухай хуулийг энэ хэлбэрээр батлахад асуудалгүй гэсэн бичиг хэрэгтэй байна. Гэтэл одоо хүртэл өгөөгүй байгаа. Яагаад гэвэл бид улсын төсөвтэй тэнцүү хэмжээний төсвийг гаргаж байна. УИХ-д Хөгжлийн банкийг хамаагүй болгож, Төсвийн тухай хуульд хамааралгүй болгож байна. Одоо та бүхэнд бичиг байхгүй бол үгээр хэлчих. ОУВС энэ асуудалд ямар ч хамаагүй гэвэл түүнийгээ хэлчих. ОУВС-тай итгэлтэй найдвартай харьцах ёстой” хэмээлээ.   ОУВС-д бид хуулийн төслөө өгсөн. Энэ хуулийн төслийг энэ чигээр нь явуулж болохгүй, эсвээс явуул гэдэг санал авъя гэсэн. Өнгөрсөн 12 дугаар сард ирсэн ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзалт хийхдээ энэ асуудлаар бичгээр хариулт аваагүй.  “Хөгжлийн банкинд хөндлөнгийн аудит орсны дараа бид тодорхой байр сууриа илэрхийлнэ. Түүнээс наана өгөх болохгүй” гэсэн хариу өгсөн хэмээн албаны хүн хэллээ.

 

Тиймээс ОУВС-тай ойлголцоогүй асуудлыг хэлэлцэхээс хойшлуулах горимын  саналыг тус байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гаргалаа. Учир нь “ОУВС-тай гэрээ хийж байгаа нөхцөлд энэ хуулийг баталвал асуудал хүндэрнэ. Яагаад гэвэл хэлэлцээрийн нэг нөхцөлд орох, улсын төсөвтэй ижил хэмжээний санхүүжилт төсвөөс бүрэн гарч байгаа тохиолдолд ОУВС нөхцөл тавина. Засгийн газар, ОУВС хооронд итгэлцэл алдарна. Хэлэлцээр хүндрэлд орно” гэдгийг тайлбарласан юм.

 

Харин гишүүн Ц.Даваасүрэн “Төсвийн байнгын хорооны даргын хувьд ОУВС-гийн төлөөлөгчидтэй уулзвал ямар вэ. Эд Засгийн газрын танхимын зарчмыг баримталдаг. Тиймээс Засгийн газрынхаа эсрэг дуугарч чадахгүй.” гэдгийг тодрууллаа. “Одоогоор УИХ-ын төвшинд ОУВС-гийн төлөөлөлтэй Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны гишүүд албан ёсоор уулзах санал өгөөгүй. Би хувь гишүүний хувьд уулзсан. Тиймээс үл ойлголцол үүсэхээр асуудал байгаа учир бичгээр хариу нэхээд байгаа юм хэмээн байнгын хорооны дарга хариуллаа.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “ОУВС төсөв нэг байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Үндсэн зарчим анхны хуулийн төсөл дээр алдагдаагүй байгаа” хэмээв.

 

Ингээд уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах саналыг, байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив.

Н.Энх

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ