Б.Ганболд ДАШТ-д оролцоно
2017-02-07

Пара цанын насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 9-20-нд Германд улсад болно. Энэ тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ж.Дондогийн удирдлага дор Б.Ганболд цанын гурван төрөлд уралдах юм. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Б.Ганболд ойрын зайн 1.5, дундын зайн 10, холын зайн 20 км-т хурд сорино. Тэрбээр тус тэмцээнд зориулж 11.500 км-ын бэлтгэл сургуулилт хийжээ. Энэ тэмцээн Б.Ганболдын хувьд ирэх жил БНСУ-д болох өвлийн паралимпийн наадамд эрхээ авч оролцох гол шалгуур болох юм. 

 

Үүний дараа БНСУ-д ирэх сарын 7-16-нд болох Дэлхийн цомын тэмцээнд паралимпийн наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөх боломжтой. Тэрбээр паралимпийн наадмын 130 оноо цуглуулаад байгаа бөгөөд нөгөөдөр эхлэх ДАШТ-ээс нэмж 50 оноо авбал “Пёнчан-2018” өвлийн паралимпийн наадамд оролцох боломжтой болно.

 

Б.Ганболд гурван жилийн өмнө ОХУ-ын Сочи хотод болсон өвлийн паралимпийн наадмын холын зайн 20 км-ын зайд оролцсон 40 орны баг тамирчдаас 12 дугаар байрт орж байв.

Shuud.mn
Сонин хачин