Польшоос 50 сая еврогийн экспортын зээл авна

img

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг зохицуулдаг. Гэвч ч зээлийг ямар шалгуураар олгох, зээл хүсэгч ямар баримт бичиг бүрдүүлэх, төслийг сонгон шалгаруулахад ямар журам баримтлах зэрэг асуудлыг орхигдуулсан. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн үйл ажиллагааг зохицуулах журам батлах эрхийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд олгохоор тусгасан байна. Хууль баталснаар зээл хүсэгчдэд тавих шаардлага, шалгаруулалтын ажиллагаа, бүрдүүлэх материал зэрэг асуудал тодорхой болно гэж Засгийн газар үзжээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн  УИХ-ын чуулганы хуралдаанд  оруулахаар боллоо.

 

Дараагаар нь  Монгол, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэв. Уг хэлэлцээрээр Монгол Улсын хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсролын шинэчлэл, байгаль орчныг хамгаалах салбарын төслүүдийн санхүүжилтэд зориулж Польшоос 50 сая евро зээлэх юм. Зээлийн хүү жилд 0.15 хувь бөгөөд төлөх хугацаа 28 жил. Зээлээр хэрэгжүүлэх төслийг Польш улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж гүйцэтгэх аж.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Монгол Улсын өр ДНБ-ий хэдэн хувийг эзэлж байна.  Хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх төслүүдийг заавал Польшийн компани гүйцэтгэтгэхээр тусгасан нь ямар учиртай юм вэ. Дотоодын аж ахуйн нэгжээрээ гүйцэтгүүлж болохгүй юм уу” хэмээн асуухад  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа “Монгол Улсын өрийн хязгаар ДНБ-ий 85 хувь байхаар хуульчилсан. Одоогоор 78 хувьтай тэнцэж байгаа. Энэ зээл бол Польшийн экспортын зээл. Экспортын зээлд тавигддаг нийтлэг шаардлагын нэг нь заавал зээл олгогч орны аж ахуйн нэгж гүйцэтгэдэг. Харин туслан гүйцэтгэгчээр нь дотоодын аж ахуйн нэгжээ оруулахаар ярьж байгаа” гэсэн хариулт өглөө.

 

Гишүүн Х.Баделхан  зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүд бэлэн байгаа эсэхийг асуухад  “Одоогоор ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдгээ ярилцаж, Польшийн талаас авч болох бараа бүтээгдэхүүний талаар судалж байна. Хэрэгжүүлэх боломжтой төслүүдэд долоон аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, шинэчлэх, хөдөө аж ахуйн трактор угсрах үйлдвэр, жимс, хүнсний ногоо барих орчин үеийн агуулах барих зэрэг багтаж байна. Удахгүй ямар төсөл хэрэгжүүлэхээ нарийвчлан гаргах болно гэсэн тайлбарыг ажлын хэсэг хийв.

 

Ийнхүү  байнгын хорооны гишүүдийн  100 хувийн саналаар уг асуудал дэмжигдлээ. Байнгын хорооноос гаргасан  санал, дүгнэлтийг  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм. 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ХЭД ЯРЬЖ ХЭЧНЭЭН ЗАРЛАДАГ ЮМ БЭ. ЯАСАН ИЧМЭЭР ЮМ БЭ
2017-02-07