Б.Дэлгэрсайхан гишүүний 100 саяын хандивын цаана тохироо бий гэнэ үү

Эдийн засагч Б.Осоргарав гэдэг хүн нэг гэнэт л хэвлэлийн бага хурал зарлаж, улсын өрийг дарахад хувь нэмрээ оруулж, 10 сая төгрөг, алтан бөгж, 10 адуу бэлэглэсэн билээ. Улмаар ард түмнийг хандив өргөхийг уриалсан. Бүр тооцоо хүртэл гаргаад, нэг иргэн боломж бололцоондоо тааруулаад тэдэн төгрөг өгвөл өр төлж хүрнэ гээд л мэдээлсэн. Тэгээд өөрөө хандив өргөж эхлэлийг нь тавьж байгаа юм гэсэн. Үүнээс хойш хандив өргөх аян эхэллээ. УИХ-ын гишүүнээс эхлээд зарим компани, аж ахуйн нэгжүүд хүртэл хандив өргөж, хувь нэмрээ оруулж эхэлсэн. Бүр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувиасаа 100 сая төгрөг хандивласан. Мөнгөтэй хүн аргагүй л зангарагтай загнана билээ.
За тэгээд, энэ хандивын аяныг дэмжсэн ч хүн байгаа. Дэмжээгүй хүн бүр их байгаа. Төрийн томчуудын нааш цааш нь болгосон мөнгийг бид өгөх ёсгүй, ямар дайнд өртсөн орон байгаа биш гэх мэтээр иргэд янз бүрээр сэтгэгдлээ илэрхийлсээр байна. Одоо ч энэ сэдэв хуучраагүй. Уг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнбат ард түмнээсээ хандив гуйхдаа тулаагүй. Бид өрөө дарж чадна гээд л эдийн засаг Б.Осоргаравтай уулзах үеэрээ мэдэгдээд байсан. Гэтэл сүүлдээ Сангийн яаманд хандив авах данс нээчихлээ. Нөгөө ард түмнээсээ гуйхгүй гээд байсан хүмүүс чинь сүүлдээ хандивын данс хүртэл нээгээд, эхнээсээ л иргэдээс мөнгө гуйх зорилготой байсан санаагаа ил болгов.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар ард түмнээс хандив гуйх аян нэлээд зохион байгуулалттай юмдаг уу даа. Тухайлбал, Б.Дэлгэрсайхан гишүүнийг 100 сая төгрөгийн хандив өргөж, ард түмэн, бусад аж ахуйн нэгжийг уриал гэсэн жиг жуг яваад эхэллээ. Улмаар түүгээр ингэж эхлэлийг нь тавиулж, уриалуулсныхаа хариуд ямар нэг тохироо хийсэн бололтой юм. Зарим эх сурвалж “Төмөр зам”-ын 30 хувийг түүнд өгөхөөр тохироо хийсэн ч гэх шиг юм яригдаад эхэллээ.
За дээрээс нь Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь нарын гишүүд хамтдаа хурал хийж, хандивыг дэмжсэн нь энэ мэт таамаглалыг батлаад ч байх шиг. Цаашлаад эдийн засагч гэгдээд байгаа Б.Осоргарав гуай бол “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн захирал, нийслэлийн алдарт уяач цолтой хүн. Түүний хандив өргөхийг эхлүүлсэн санаачилга нь яг өөрийнх нь үү гэдэг дээр ч эргэлзмээр байгаа юм. Хөгшин хүнийг гомдоох гэсэнгүй, гаргасан санаачилгыг нь ч буруутгах гэсэнгүй. Харин энэ мэт асуудал яригдаад эхлэхээр “Арай зохион байгуулалттай биш биз дээ” гэсэн бодол төрөөд байгаа юм. За тэр хүнийх чин үнэн сэтгэлийнх нь илрэл байсан гэж бодоход эрхэм гишүүдийн хандив дэмжих санаачилга бол жаахан “но”-той л байна даа.
Хэрвээ үнэхээр Засгийн газар 580 сая ам.долларыг дарж чадахаар, ард түмнээсээ гуйхааргүй байгаа бол данс нээгээд байх шаардлагагүй шүү дээ. Тэгээд иргэдээс ирсэн хандивыг өр дарахад биш өөр зүйлд зарцуулна ч гэх шиг балай балай юм яриад л байгаа. Ямар ч байсан Засгийн газарт 580 саяыг дарчих мөнгө одоохондоо байхгүй, ямар нэг аргаар цөөхөн ч болов хэдэн ам.доллар цуглуулхыг хичээж байгаа ч байж болох юм. Ядаж хэдэн сая ч болов ам.доллар цуглуулаад авчихвал дарга нарт ч бас аятай юу л биз дээ. Тийм болохоор хөөрхөн арга хэрэглээд, хандив авах аяныг ямар ч байсан эхлүүлээд, дансаа нээчихлээ. Одоо ард түмэн яахыг л харж байхаас.
Эх сурвалж:mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ