Ж.Энхбаяр: Хотын асуудлыг захиргааны аргаар шийд

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр холбогдох албан тушаалтнуудад хатуухан сануулга өгөв. Тэрбээр энэ онд багтааж, төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлэхгүй бол хотын дарга болоод холбогдох яамдын сайд нарыг огцруулах асуудлыг тавина гэдгээ хэлэв.
Ж.Энхбаяр “Мэргэжлийн Засгийн газрын БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, хотын дарга С.Батболд гуравтай хариуцлага ярина. 2017 онд багтаж, төв цэвэрлэх байгууламжийн ажил эхлэх ёстой. Энэ сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд багтаж дуусгах ёстой. Улаанбаатар хот бохироосоо салах ёстой. 10 жил ярилаа. Улаанбаатар хотын иргэд аюулгүй, цэвэр орчинд амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Тэрийг төр хангах үүрэгтэй. Үнийг энэ гурван улс төрийн албан тушаалтан биелүүлэх гээд сууж байгаа.
Мэргэжлийн Засгийн газар мэргэжлийн багийг бүрдүүлж, энэ ажлыг хийх орчин нөхцөлийг хангаарай. Хотод асуудлыг захиргааны аргаар шийднэ. Та нар хариуцлага хүлээж байгаа болохоор шийдвэрээ гаргаад захиргаадах ёстой. Дэг журам сахилга батыг хангах ёстой. Мэргэжлийн бодлого завхарснаас болж Улаанбаатар хот бохиртойгоо зууралдаад сууж байна. Улаанбаатар хотын агентлагийн шийдэх ёстой асуудлыг өнөөдөр УИХ дээр ярьж байна. Энэ гутамшигтай, арчаагүй байдал.
Дараа жилийн өдийд энэ ажил эхэлцэн, гүйцэтгэлтэй нь танилцана. Хэрэв эхлүүлж чадахгүй бол БХБ, БОАЖ-ын сайд, Улаанбаатар хотын даргыг огцруулна” гэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ