Эмнэлгийн ажиллагсдын цалинг нэмэх шаардлагатай

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан Эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хийж байгаа ажлын явц байдлын талаар ЭМ-ийн сайдын мэдээллийг сонслоо. ЭМ-ийн сайд А.Цогцэцэг:
-Эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай болгох, иргэдийн хүлээлтийг бууруулах хүрээнд томоохон 5 эмнэлгийг хоёр ээлжээр ажиллуулж байгаа. Эх хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх асуудлыг эхний ээлжинд тавин ажиллаж байна. Анх ажлаа хүлээж авахад эхийн эндэгдэл 61.3 хувьтай байсан. Харин одоо 48 хувьтай болж буурсан. Энэ онд 25 хувь хүргэж бууруулна . Ялангуяа энэ хүрээнд алслагдсан аймгуудын түргэн тусламжийн машины парк шинэчлэлд ихээхэн анхаарал хандуулж, 70 хувийг нь шинэчилнэ.
Томуу, томуу төст өвчний асуудлаар Засгийн газрын хуралдаанд хоёр удаа асуудал оруулж шийдвэрлэлээ. Энэ хүрээнд 5 хүртэлх насны хүүхдээ гэрээр асарсан тохиолдолд цалинтай чөлөө олгодог болсон. Мөн 0-5 насны хүүхдэд өгөх эмэнд 100 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Томуу өвчний дэгдэлт бууруулах хүрээнд Улсын клиникийн 2 дугаар эмнэлэгт 30 ор, Цэргийн төв эмнэлэгт 50 ор нэмсэн. Амаржих газрын хүрээг өргөтгөх үүднээс Амгалан амаржих газарт 50 ор нэмлээ.
Үүний зэрэгцээ гадаадад явж эмчлүүлдэг 7 оношийг Монгол Улсад энэ онд эмчлэхээр болж, технологийн шинэчлэл хийгээд явж байна. Бүх эмнэлгийн барилгуудын насжилтын судалгаа хийхэд 1950-1960 онд баригдсан барилга 45 хувьтай байсан. Иймд хаана аль аймаг, сум, дүүрэг эмнэлгийн барилга шаардлагатай гэдгээ тодорхойлсны үндсэн дээр хоёр аймагт нэгдсэн эмнэлэг барихаар болсон. Үүний зэрэгцээ 6 аймагт сумын эмнэлэг, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт 4 өрхийн эмнэлэг барина. Сонгинохайрхан дүүрэгт нэгдсэн жишиг эмнэлэг байгуулна.
Эм эмнэлгийн хэрэгслийн хүрээнд гепатитын С вирусын 5 эмийг улсын бүртгэлд хамруулж, эм тус бүрийг 210 мянгаар, нэг курс эмчилгээнээс 630 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байна. Олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, эхний ээлжинд УИХ-ын гишүүн Баатарбилэгийн санаачилгаар 3000 ширхэг эмийг Архангай аймгийн иргэдэд үнэ төлбөргүй олгохоор болоод байна.
Эрүүл мэндийн салбарыг 16 тэрбум төгрөгийн өртэй хүлээж авсан. Энэ бол 4-5 Засгийн газар дамжсан өр байсан. Энэ өрийг дотоодын нөөц боломжийг ашиглан 2016 онд тэглэсэн. Ингэхээр бид 2017 онд өрийн дарамтгүй ажиллана хэмээн мэдээлэв.
Мэдээллийн дараагаар гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Цаашид эрүүл мэндийн салбарын шид хэд хэдэн асуудалд анхаарч ажиллахаа сайд мэдээлж, энэ салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэх шаардлагатай болсныг дуулгав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ