Дотоодын цэрэг иргэд рүү буу шагайхгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Дотоодын цэргийг сэргээн байгуулах тухай энэ хуулийн төслийг гишүүн Л.Болд эсэргүүцэж “Энэ одоо хэлэлцэх асуудлын дараалалд байгаагүй зүйл оруулсан байна. Дотоодын цэрэг дээрээс өгсөн тушаалаар ажилладаг. 1990 онд биднийг жагсаал цуглаан хийж байхад зогсоохоор буудахад бэлэн байсан гэж ярьдаг. Гэтэл одоо дотоодын цэргийг байгуулах ямар шаардлага байна” гэсэн юм. Үүнтэй холбогдуулан гишүүн Ц.Нямдорж “Дотоодын цэрэг 1924 онд байгуулагдсан. Өнгөрсөн парламентаар дотоодын цэргийг татан буулгасныг буруу гэж үзсэн. Гамшгийн үед дэмжлэг үзүүлэх шаардлагатай ажиллана. Түүнээс бус ард иргэд рүү буу шагайх зүйл байхгүй. Онцгой объектуудыг хамгаалах үүрэгтэй” хэмээлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “ Дотоодын цэрэг цагдаад цэрэгжүүлэх асуудлыг оруулж ирж байна. Тиймээс АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авъя гэдэг дэвшүүлж байна” хэмээлээ. Цагдаагийн албаны тухай хуулийг энэ асуудлын өмнө баталсан. Тиймээс Дотоодын цэргийн тухай хуульд тодорхой цагийн хугацаатай завсарлага авахыг УИХ-ын дарга анхааруулав. УИХ-ын дарга Ц.Нямдорж “С.Эрдэнэ дарга энэ асуудлаар мэдэгдэл хийсэн. АН-ын бүлгийнхээ хуралдаанаар Цагдаагийн хууль, Дотоодын цэргийн хуулийг хэлэлцэхийг дэмжинэ гэсэн. Та бүхний завсарлага авах гэж байгааг хүндэтгэж байна. Дотоодын цэрэг байгуулах хуулийг өмнөх парламентаар Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав хуулийн төсөл өргөн барьж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэмжиж байсан шүү” хэмээн сануулав. АН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авсан байна. Тиймээс үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.
Дараагаар нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Үргэлжлүүлээд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ