ОУВС-г хуурч харьцаж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Төв банк /Монголбанк/-ны тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ч.Хүрэлбаатар:
-ОУВС-тай 5 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хийх гэж байгаа юм бол хуурамч харьцаж болохгүй. Нэг өгүүлбэр өгчих гэж удаа дараа хэлж байгаа. Өнөөдөр би 11.00 цагаас ОУВС-гийн хүмүүстэй уулзлаа. Яг энэ хуулиар явж болохгүй гээд 13 төрлийн зүйл бичиж өгсөн байна. Бид улс орныг хямралаас гаргах үүрэгтэй, гаргах ч ёстой. ОУВС-тай гэрээ хийсний дараагаар энэ хуулийг батлах хэрэгтэй. Ийм хандлагаар явж болохгүй. Энэ хүмүүсийг ажлаас нь хал. Яг одоо ОУВС-гийнхан доор хүлээж байна.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа:
-ОУВС-гийн ажлын хэсгийн зөвлөмжийг өнөөдөр эцсийн байдлаар хүлээн авч байна. Бид ямар байдлаар хуулийн төслийг зохицуулах талаар ярьж байсан. Өнөөдөр эцсийн байдлаар саналыг нь сонсож байгаа юм. ОУВС-гийн өгч байгаа 13 санал дотор журмаар зохицуулах зүйл байгаа. Мөн хуулинд нэмэлт оруулах зүйл ч байгаа. Хөндлөнгөөс аудит хийж байгаад эцсийн байдлаар дүгнэлтээ хийнэ гэж байсан.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Энэ хууль батлагдсанаар одоогийн явж байгаа хөтөлбөрт гацаа орох зүйл байна уу. Өнөөдөр энэ хуулийг хэлэлцэх гэхээр Дэгийн хууль дотор зөрчил ороод байна.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва:
-Монгол Улс өөрөө бие дааж хөгжих үү, ОУВС болон гадныхнаар дагаж хөгжих үү гэдэг асуудал үүсээд байна. Хөгжлийн банк ОУВС бидэнд олон удаа тус дэм болсон. Энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байлаа. Хэлэлцээрийн явцад янз янзаар дарамтлаад байна. ОУВС биднийг аваад яваг. Эсвэл бид өөрсдөө хөгжүүлье. Өөрсдийн дотоод нөөц бололцоо гэж байгаа юм уу.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Та бүхэн 65-уулаа. Ирц хүрэхгүй гэсэн зовлон байхгүй. ОУВС-гийн өгөөд байгаа саналыг авах бололцоогүй бол одоо шууд шийдчих. Эсвэл байнгын хорооны хуралдааныг хийж, эргэж орж ирээд хэлэлцэх хэрэгтэй. Ж.Эрдэнэбатын араас хутга зоож хэрэггүй. Дотор байгаа зөрчилдөөн, хоорондын эрх мэдлийн асуудал чинь улс орныг тамирдуулж дууслаа. Хоёр байнгын хорооны дарга хоёр өөр юм яриад байх юм. Өөр өөр намын хүмүүс сууж байгаа юм шиг ярих юм. Би “Стэнд бай” хөтөлбөрийг гацаасан гэдэг дээр кноп дармааргүй байна. Мөн Хөгжлийн банкны хуулийг унагасан гэдэг дээр кноп дараамааргүй байна. Эсвэл та бүхэн манай МАХН-д хүрээд ир.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Хөгжлийн банкны хуулийн төслийг заавал батлах ёстой. Төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа байгууллагуудтай нийлээд санхүүжүүлнэ. Зөвхөн ашигтай, дунд хугацааны хөтөлбөрийг санхүүжүүлнэ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Хөгжлийн банкны хөтөлбөрийг батлах ёстой. Сангийн сайд АНУ руу явсан. Тэнд ОУВС-гийнхантай уулзсан. Тиймээс “Стэнд бай” хөтөлбөрийг оруулахгүй гэсэн асуудал байхгүй. Тийм учраас энэ хуулийг хэлэлцэх шаардлагатай. Хуулийг хэлэлцээд явах хугацаагүй болоод байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Ч.Хүрэлбаатар гишүүн тодорхой 10-аад санал яриад байна. Тиймээс энэ саналыг нь эргэж харах хэрэгтэй. Ажил хэрэгч санал үнэхээр байгаа бол хүлээж авах нь зөв. Байнгын хороо хэлэлцээд, 3/2-оор санал хураагаад оруулаад ир. Хуулинд дутуу бодсон, мартсан, анзаараагүй зүйл гардаг. Бололцоо байна.
Харин гишүүн З.Нарантуяа өнөөдрийг хуулийг батлах нь зөв. Дараагаар нь дагалдах хуулиа хэлэлцэх хэрэгтэй. Учир нь хөрөнгө босгох шаардлага гарна" гэсэн саналаа хэллээ. Ингээд Ч.Хүрэлбаатар нарын гишүүний гаргасан саналаар уг хуулийн хэлэлцүүлгийг нэг хоногоор хойшлуулах санал хураалт явууллаа. Гэвч гишүүдийн олонх нь уг санал дэмжигдсэнгүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ