Тэтгэврийн урьдчилгааг хүүгүй олгоно

img

 

Нийгмийн даатгалын хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэврийг арилжааны банкуудаар дамжуулан сар бүр олгож байна. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөл байдал нь орлого багатай, тэтгэврийн орлогоороо амьдралаа авч яваа ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй болон тэжээгчээ алдсан иргэдийн хувьд хүндээр тусч байна. Энэ иргэдэд чиглэсэн олон төрлийн арга хэмжээнүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулан ажиллаж байна.

 

Уг асуудлаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч болон хөдөлмөрийн чадвараа алдсан, тахир дутуугийн тэтгэвэр авагч нийт 100 гаруй мянган иргэнд 3 хүртэлх сарын тэтгэврийн 50 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа тэтгэврийг ямар нэгэн хураамж, хүү шимтгэлгүйгээр 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгох боломжийг бүрдүүлээд байна.

 

Дээрх шийдвэрийг өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Ахмадын үндэсний чуулганы үеэр олон нийтэд танилцууллаа. Тэрбээр хэлэхдээ "Тэтгэврээ нийгмийн даатгалын сангаас хүү, шимтгэлгүйгээр урьдчилж авах ажил бол зөвхөн эхлэл бөгөөд цаашид хамрах хүрээг нь тэлэх асуудлыг судлах болно" гэв.


Тэтгэврээ урьдчилан авах иргэд нь тэтгэвэр барьцаалсан зээлгүй байх шаардлагатай бөгөөд тэтгэврийн урьдчилгаа авах хүсэлтээ харъяа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандан гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Энэхүү арга хэмжээ нь тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа, эцэг эх нь нас барсан хүүхдүүд, тэжээгчээ алдсан иргэд, хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тэтгэвэр авагчдад хандсан нэн чухал ажил болж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolor:
Gvrpe 6sar hvrtel awsan tetgwere 18sarar awsan irged yah we tailbar ogch
2017-02-11
зочин:
Цалинтай ээж маш сайн хөтөлбөр шүү.Гэхдээ эдийн засаг муу байгаа үед бүсээ чангалах хэрэгтэй шүү
2017-02-10
зочин:
Зүүний чиглэлийн нам гарсан болохоор халамж шаардлагатай хүмүүст анхаарал их тавьж байгаад баярлалаа
2017-02-10