Намайг ялла

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан ажиллагааг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас худалдан авах ажиллагааг яагаад хууль зөрчиж явуулсан талаар асуумаар байна. Та үүнд гарын үсэг зурсан хүний нэг” гэлээ. Үүнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Би үнэхээр харамсаж байна. Улс төрөөр ял тогтоож, бусдын өмчийг дээрэмдэж байгаа юм. Тухайн үед Аж үйлдвэрийн сайдын хувьд энэ асуудлыг намайг оруулах үүрэг өгсөн. Шинэ УИХ хамгийн анхны хуралдаанаараа энэ асуудлыг хэлэлцэх байсан. Асуудлыг оруулах боломж байгаагүй. Энэ асуудлаар би өөрийн байр суурин дээрээ хатуу зогсож байна. Тухайн үеийн Засгийн газар хууль зөрчөөгүй. Өнөөдөр үүнийг шүүх хурал болж байна. Бид хувийн бизнес эрхлэгчдээ дэмжиж байж эдийн засаг явна. Ирээдүйд эдийн засгийн хөгжилд хэн хувь нэмрээ оруулах вэ. Гадныхантай гэрээ хийж, төрд, улсад хэрэгтэй үйлдвэр оруулж ирэх хувийн хэвшлийнхэн одоо байх уу.
Ялламаар байвал намайг ялла. Улсын төлөө, хувийн өмчийг хамгаалахын төлөө би чадлаараа зүтгэх болно.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
-Эрдэнэтээс сонгогдсон гишүүний хувьд энэ асуудал надтай, миний гэр бүлтэй холбоотой. Миний аав Эрдэнэт үйлдвэрийг удирдаж явсан. Би өнгөрсөн зургадугаар сарын 29-нд энэ шийдвэр гарч байхад 19 жилийн дараа ажил хэрэг боллоо гэж үзэж байсан. Хувийн хэвшил “Эрдэнэт”-ийг авах нь хууль бус зүйл биш. Тухайн үед төр, засгийг авч явсан хүнтэй л хариуцлага тооц. Хувийн хэвшил ямар овсгоо гаргаж, асуудлыг шийдсэн нь өөр асуудал. Улс төрийн өнцгөөс дүгнэхэд томоохон асуудал дээр хэдхэн тооны хүмүүс хамтдаа явж, хийж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуул. Түүнээс биш Монгол Улс, “Ростех” хоёрын хэлэлцээг хүчингүй болгох асуудал биш. Энэ бол маш сайн тогтоол. Хамгийн гол нь асуудлаа тодорхой болго. Манай оронд хариуцлага гэдэг юм алдагдсан байна. Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг хэн ч буруутгахгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Зөвхөн хуулиар л хувийн өмчийг нийгэмчилж болно. Энэ асуудал аль 2013 онд яригдсан. Тэр үед би асуудлыг ярьж байхад зарим нөхөд намайг шоолж байлаа. Би мэдэж байсан юм чинь МАН-ын нөхөд ч мэдэж л байсан байж таарна. Хуульзүйн талаасаа энэ асуудал хууль зөрчөөгүй.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ