Монголын сайн сайханд хориг тавьсан шийдвэр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан ажиллагааг шалгасан ажлын хэсгийн дүгнэлт болон 49 хувийг төрийн өмчид авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэхийн эхэнд О.Баасанхүү нарын гишүүн Ерөнхийлөгчийг байлцуулах горимын санал гаргасан юм. Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд тааллаараа оролцох заалттай. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцож үг хэлэв. Тэрбээр:
-УИХ бол зөвшилцөж, шийдвэр гаргадаг газар. “Эрдэнэт” үйлдвэр эхэндээ нэг хоёр улс төрчийн яриа байсан бол одоо төрийн шийдвэр болжээ. Үзэн ядалт бол Монголын эмгэнэл болоод байна. Би энэ УИХ-ын, Засгийн газрын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд нэг ч өдөр алдаж болохгүй гэж үзэн, хамгийн богино хугацаанд бүрдүүлэн гаргасан. УИХ олон нийтийн саналын бус шийдвэр гаргах гэж байна. Засгийн газар бүрдэнгүүтээ “Эрдэнэт” үйлдвэрийг хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн байдал ямар байгааг товч хэлье. 1978 онд байгуулагдаад тухайн үед 30 жилийн хүчин чадалтай гэж байсан. Өнөөдөр 39 дэх жилдээ ажиллаж байна.
“Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон 600 орчим сая ам.долларын асуудал байна. “Эрдэнэт” үйлдвэр тал нутгийн хөрсөнд байсан саалийн үнээ байсан цаг бий. Одоо бол эрчимт аж ахуйд шилжиж, тордолгоо хэрэгтэй болсон. Хамгийн том уурхай, эрдэнэс баялаг дуусвар тэнд байгаа 100 мянган хүний асуудал яах вэ.
“Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувийг эзэмшиж байгаа хүмүүст хариуцлага ярих ёстой. “Эрдэнэт” үйлдвэрт Шилэн дансны хууль хэрэгжүүлэх ёстой. Гэтэл та бүхэн хуулийг сонгож хэрэгжүүлж байна.
Би Монголынхоо төлөө санаа зовсондоо орж ирлээ. Та бүхний үгээр дэлхий хүлээж авахгүй. Дэлхий нийт “Монголын эрх баригчид хувийн өмчийг нийгэмчиллээ” гэж хэлнэ. Өөрийнхөө иргэний хөрөнгийг булааж авдаг улс руу хөрөнгө орох уу. Өөрийнхөө иргэнийг Эрээний ченжээс дорд үзэж байна. Ямар хөрөнгө оруулагч Монголд хандах вэ? Бид ийм зүйл рүү ормооргүй байна.
Энэ 65 гишүүн олуулаа сонгогдсон. Үүнд олны олон зовлон байгаа. Өнөөдөр Ерөнхий сайд руу хандаж зөндөө олон хүн ажлын байр асуусан байгаа. “49”-өөр дамжиж Засгийн газар руу орж байна. Засгийн газартайгаа хариуцлага тооцох гэж байна. Түүнээс биш “49” дээр айхтар шударга ёс тогтоох гэж шийдэж байгаа юм биш.
Үүнд шийдэл байж болно. Ард иргэдийн оролцоотой 49 хувийн хувьцааг эзэмшиж болох юм. Мөн 51 хувийг ч хөрөнгийн биржээр дамжуулж худалдаалж болно. Хэрвээ ингэж шийдэх гэж байгаа бол 49, 51 хувийнхан аль аль талдаа ярилцаж болно. Хууль зөрчсөн бол шүүхийн хүрээнд асуудал шийдэх ёстой. УИХ хууль зөрчсөн эсэхийг шийддэг байгууллага биш гэлээ.
Ерөнхийлөгч ийн үг хэлэх хооронд гишүүд чуулганы танхимаас шуугилдаж үгийг нь тасалдуулахыг оролдов. УИХ-ын дарга гишүүдийг чимээгүй байхыг шаардаж, “Ерөнхийлөгчийг өөрсдөө урьж авчирчихаад үгийг нь сонс. Дараа нь санал хурааж, шийдвэрээ гаргая.” хэмээв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эхлээд атаархал байсан, та бүхэнд. “Эрдэнэт” үйлдвэрт бизнесээ 20 жил шахаж байсан тэр улсуудад хэцүү байж магадгүй. Цаашдаа ийм зүйл Монголд байхгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-аас авчирсан явдал бол Монгол хүн өөрийн өмч дээр эзэн суухын эхлэл. 49 хувийг авчирна гэдэг Монголчууд өөрийнхөө хөрөнгөд эзэн суух эхлэлийг бий болгож байна. Хүний нутгаас шороо аваад ирсэн бол, үйлдвэр аваад ирсэн бол, хувиа аваад ирсэн бол би дэмжинэ.
Та бүхний үйлдэл Монголыг олон улсад ганцаардуулах, хөгжлийн ололтыг баллуурдах шийдвэр болно. Энэ шийдвэр чинь эргээд Монголын сайн сайханд хориг тавьсан шийдвэр болно. Тиймээс та бүхэн минь бодолцож үзээч гэлээ.
Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг үг хэлсний дараа “Эрдэнэт” үйлдвэр ХК-ийн талаар зарим арга хэмжээний авах УИХ-ын тогтоолын төслөөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид авах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг дэмжин батлав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ