МАН-аар “баталгаажуулсан” АН-ын дарга

АН-ын даргын сунгаа он дамжин явагдаж, таван нэр дэвшигчдээс ардчиллынхан сонголтоо хийсэн. Өнөөдөр АН-ын гишүүд бүх нийтээрээ сонгосон даргаа батламжилна.
АН-ын VII их хурал өнөөдөр “UB palace”-ийн их танхимд болох юм. Их хуралд 2700 орчим төлөөлөгч оролцоно. Намын их хурлаар АН-ын үндсэн дүрмийг хэлэлцэн батлах юм. Хамгийн гол нь энэ их хурлаар намын шинэ дарга албан ёсоор тамгаа гардан авна. Гэхдээ АН-ын даргыг сонгох санал хураалт өндөрлөж урьдчилсан дүн гарсны дараагаар гишүүдийн олонхийн санал авсан С.Эрдэнийн ялалтыг МАН баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, АН-ын их хурлын төлөөлөгчдөөрөө баталгаажуулан тамгаа гардаж аваагүй байхад УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнийг хүлээн авч уулзан, АН-ын даргаар сонгогдсонд нь баяр хүргэж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягтай сүү барьчихсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн жил гарсан энэ үед өрсөлдөгч хүчний шинэ дарга тамгаа ч гардаж аваагүй байхад эрх баригч намын дарга ийн уулзсантай зэрэгцээд давааны цаадах улс төрийн ямар тохироо явагдсан нь олны анхаарлыг татаж байна.
Өнөөдөр Их хурлын төлөөлөгчдийн өмнө АН-ын дарга З.Энхболд С.Эрдэнэд тамгаа шилжүүлж өгнө. АН-ын дарга З.Энхболдыг их хурлын төлөөлөгчдөөр баталгаажаагүй, хууль бус дарга гэж тус намын зарим бүлэглэл эсэргүүцдэг байсан. Тэгвэл өнөөдөр “Шонхор” фракц АН-ыг дахин удирдаж, шинэчлэх үйл явцаа үргэлжлүүлэхээр боллоо. Тиймээс ч цаашдаа АН-ын гишүүд даргаа хууль бус гэж уриа лоозон барьж, эсэргүүцэж зарлаад байхгүй биз. Харин АН-ын шинэчлэлийг үргэлжлүүлэхдээ өмнөх даргын уриалж байсан фракцгүй намыг төлөвшүүлнэ гэж “ам гарахгүй” биз. Учир нь түүх нь 5 намын нэгдлээс бүрдсэн АН фракцгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэг намын гишүүдийн төлөвшил, ардчиллын үүдээс ч харсан үлгэр.
З.Энхболд нар фракцгүй АН-ыг бүрдүүлж чадаагүй ч “Шонхор”-ын сүр хүчийг дахин баталгаажуулж байна. АН-ын дүрмээр хоёр дэд даргатай байна. Энэ нь жендэрийн эрхийг хангах үүднээс эрэгтэй, эмэгтэй хоёр дэд даргатай байхаар яригдаж байна. Тиймээс эмэгтэй дэд даргаар УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг томилох сураг сонсогдож байна. Харин эрэгтэй дэд даргын хувьд залуучуудаасаа томилох магадлалтай юм. Цаашлаад УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн нэр ч гарч байна.
Ямартай ч өнөөдрийн Их хурлаар АН-ын дарга тамгаа авч, шинэчлэлээ үргэлжлүүлэх биз. С.Эрдэнийн ажлыг маргаашийн Ерөнхийлөгчийн сонгуулиас илүүтэй 2020 оны УИХ-ын сонгууль дүгнэнэ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ