АН шинэчлэгдэхийн хэрээр Монгол хөгжинө

АН-ын VII их хурал "UB palace"-д үргэлжилж байна. АН-ын дарга С.Эрдэнэ тамгаа гардаж авсны дараагаар гишүүддээ хандаж үг хэллээ. АН-ын дарга С.Эрдэнэ:
-1989 оны жавар тачигнасан өвлөөс эхлэн та бид ардчиллын үнэт зүйлийнхээ төлөө тэмцлээ. Өөрчлөн байгуулалтыг хийх түүхэн замналыг туулахад амар хялбар байгаагүй. Ардчиллын үнэт зүйлийн төлөө тэмцэж явсан олон журмын нөхөд маань өнөөдөр алга. Бид өнөөдөр түүхэн шалгуурын өмнө ирчихээд байна. Монголын ардчиллыг авч явах хариуцлага шалгуур ирээд байна. Монголын хөгжлийн бодлогыг тодорхойлох улс төрийн хариуцлага дээр ирчихээд байна.
Өнөөдрийн эрх баригч хүчин монголчуудын хүсэн хүлээж байгаа ардчилал, хүний эрх чөлөө, улс орны хөгжлийг авч явах бодлого байхгүй юм байна гэдгийг бид хангалттай харлаа. Бид ардчиллын салхийг хагалж, нэг намын дарангуйлал тогтсон харанхуй нийгмээс улсаа гаргаж чадсан улстөрийн хүчин. Цаашид ч түүчээлэх үүрэг Ардчилсан намд хэвээр байгаа юм байна гэдгийг харж байна. Хөгжлийг түүчээлэх үүргээ биелүүлэх болно гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Та нарынхаа захиа даалгаврыг биелүүлж, ажиллана. Ахмад, залуу, дунд гурван үеийн төлөөллийн хэлхээсийг хангаж, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах болно.
Ардчилсан нам шинэчлэгдэхийн хэрээр Монгол орон хөгжинө. Монголчуудын хүсэн хүлээсэн нийгмийг Ардчилсан нам авчирч чадна. Бүх шатны сонгуульд ялалт байгуулахын тулд асар их үүрэг хариуцлага хүлээж байгаа. Хамтаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах болно. 2020 оны УИХ ын сонгуульд ялах болно. би Ардчилсан намын 180 мянган гишүүндээ итгэж байна, би Монголын ард түмэнд итгэж байна. Бид хувийн хэвшлийг хүндэтгэдэг нийгмийг бий болгоно хэмээлээ.
АН-ын хуралт түр завсарлаад үдээс хойш хуралдаж, дүрмээ батлах юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ