АН бүх шатандаа шинэчлэгдэнэ

АН-ын дарга С.Эрдэнэ сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:
-Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг бүлгийн даргаар сонгосон. Миний бие АН-ын даргаар сонгогдсонтой холбоотойгоор бүлгийн даргын суудлаа шилжүүллээ.
Өчигдөр буюу энэ сарын 12-нд “UB palace”-ийн их танхимд АН-ын VII их хурал амжилттай болж өнгөрлөө. Энэ хуралд нийт 3200 гаруй төлөөлөгч оролцсон. Үүнээс 2700 гаруй нь мандаттай төлөөлөгчид юм. Их хурлын хамарч байгаа цар хүрээ, шийдэх асуудал өргөн байсан. Энэ хурлаар АН-ын даргын сонгуульд ялалт байгуулсан миний биеийг ёсчлон баталлаа. Хоёрдугаарт, АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, баталсан. Гуравдугаарт, АН-ын их хурлаас гарах тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа. Хуралдаан нилээд ойлголцсон нэгдмэл, уур амьсгалтай болж өнгөрсөн. АН-ын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн гол утга санаа шинэчлэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх юм. Цаашдаа зөвхөн даргыг бус АН-ын анхан, дунд шатны бүх удирдлагуудыг бүх гишүүдийн дундаас сонгодог байхаар зохицуулж байгаа.
Энэ долоо хоногоос эхлээд есөн дүүрэг 152 хороо, 21 аймаг, 330 суманд АН-ын шинэчлэлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдах юм. Энэ шинэчлэлийн хүрээнд гишүүдийн оролцоотойгоор сум, хороодын намын дарга, үүрийн бүрэлдэхүүныг сонгож, баталгаажуулна. Ингэснээр АН бүх шатандаа шинэчлэгдэх юм. АН-ын үзэл баримтлал болон үндсэн дүрмийн сүүлийн шатны хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж, энэ оны тавдугаар сард болох наймдугаар их хурлаар батална. Их, хурлаар үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөлийг 35 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ зөвлөл дүрмийн болон, үзэл баримтлалыг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж, дараагийн их хуралд танилцуулах юм. Мөн АН-ын Үндсэн дүрмийн хороо 15 хүн, Дотоод сонгуулийн хороог 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Ийм томоохон асуудлуудыг шийдвэрлэсэн үр дүнтэй хурал боллоо.
Шинэ байран дээр АН-ын төв байр байрлаж, намын үйл ажиллагааг удирдан чиглүүлнэ. АН-ын даргын 01 тоот тушаалаар Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилжээ. Ц.Туваан нь ХХАА-н дэд сайд, ХАХЯ-ны харъяа нийгмийн халамж, хамгааллын Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хүн хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ