Улсыг нэг төсөвтэй болгоход анхаарч ажиллалаа

Төсвийн байнгын хорооноос мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагнасан юм. Өнгөрсөн хугацаанд Төсвийн байнгын хороо нийт 20 удаа хуралдаж, бие даасан хоёр хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 33 хууль, тогтоолыг хэлэлцэн бэлтгэжээ. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар мэдээлэлдээ:
-Өнгөрсөн парламентаар улс олон төсөвтэй явж ирсэн. Тиймээс Төсвийн байнгын хороо төсвийн тоо бодитой, орлогоо бодитоор тооцох, сахилга бат, хариуцлагын тогтолцоог бий болгоход анхаарч ажиллалаа. Концевцийг хяналтгүй хэрэгжүүлдгийг зогсоож чадсан. 2017 оны улсын төсвийг боловсруулахдаа хэмнэлт гаргахад анхаарч ажиллалаа. Ерөнхийдөө олон төсвийн нэг болгож, татаасыг төсөвт суулгаж, өр цаашид нэмэх асуудлыг хумьсан төсөв болсон. Энэ чиглэлд Төсвийн байнгын хороо анхаарч ажилласан хэмээлээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Өмнөх парламентаар улсын төсвийг байнга нэмэгдүүлж оруулж ирсэн юм билээ. Энэ удаад Төсвийн байнгын хороо төсвийн сахилга батыг сайжруулахад анхаарч, Засгийн газраас оруулж ирсэн улсын төсвийн төслийг 600 орчим тэрбум төгрөгөөр багасгасан. 1.5 тэрбумаас доош орлоготой дөрвөн салбарт ААНОАТ-ыг 90 хувиар багасгалаа. Ингэснээр бизнес ахуй аж нэгжээ дэмжсэн хууль баталлаа” хэмээсэн юм. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ