Өвөрхангай, Хөвсгөлд үнэлгээний баг ажиллав

img

МУЗН-ийн Гамшигтай тэмцэх багийн ажилтнууд  болон Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшигтай тэмцэх багийн ажилтнууд  Хөвсгөл, Өвөрхангай аймгуудад ажиллаад ирлээ.

 

Хөвсгөл аймагт ажилласан  баг өвөлжилт хүндэрч буй сумдад очиж, газар дээр нь нөхцөл байдалтай танилцах, нөгөө баг өнгөрсөн жил тусламж авсан Өвөрхангай аймгийн зарим сумдын малчин өрхөөр орж,  уулзаж үнэлгээ хийв.

 

Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Уянга суманд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, тус нийгэмлэгийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн багийн ахлагч Б.Даваажаргал, ажилтан Г.Сургармаа, хэвлэлийн төлөөлөгч Д.Батзаяа нар болон ОУУЗУХСНХ-ны Яаралтай үеийн тусламжийн багийн зөвлөх Glenn, Ази номхон далайн гамшигтай тэмцэх багийн гишүүн Farook Rahmad  нар ажилласан байна.

 

Өвөрхангай аймагт өнгөрсөн жил өвөлжилт хүндэрч 300 гаруй малчин өрх тусламж хүртжээ. Эдгээрээс 100 айлд хүнс бэлэн мөнгөний, 200 айлд  нь 192 000 төгрөгийн тусламж хүртсэн.  Үнэлгээний баг ажилласан тус аймгийн Нарийнтээл сумын 15 өрх, Уянга сумын 13 өрх өнгөрсөн жилийн хүмүүнлэгийн тусламжид хамрагджээ.

 

Нарийнтээл сумын тусламж хүртсэн малчин өрх Г.Даваасүрэнгийнд очсон. Тэрбээр эхнэр хүүгийн хамт амьдардаг ажээ. Эднийх бэлэн мөнгө болон хүнсний тусламж авсан байна. Г.Даваадоржийнх 50 гаруй ямаатай, бод малгүй ажээ. Өрхийн сарын орлого нь тэтгэвэр болох 250 000 төгрөг ажээ. Мөн өнгөрсөн жилийн зудад хамаг бод малаа алдсан, улмаар өндөр настны шалгуурт багтаж тусламж авсан байна. Улаан загалмайн хүмүүнлэгийн тусламж болох шуудай гурил, будаа, наранцэцэгийн тос зэрэг багц нь сарын хүнсний хэрэглээгээ хангахад ихээхэн дэм болжээ.

 

Энэ мэтчилэн түүвэр судалгаа хийж, хоёр суманд нийт 6 малчин өрхөөр орлоо. Хүмүүнлэгийн тусламж тухайн цаг үедээ амьдрал ахуйд нь хэрэг болохоос гадна сэтгэл санааны дэмжлэг өгсөн тухай тусламж хүртэгсэд ярьж байв.

 

Өвөрхангай аймагт энэ жил харьцангуй дулаан, цас нимгэн байлаа. Гэхдээ бэлчээрийн даац хэтэрч, цаг уурын өөрчлөлт зэргээс мэрэгч амьтад ихэсч газрын гарцад таагүй нөлөө үзүүлж байгаа гэнэ. Мөн цасны зузаан 10 см хүрэхэд зудын нөхцөл байдалд хүрч байгаа ажээ. Нарийнтээл суманд одоогоор 160 толгой мал хорогдоод эхэлжээ. Улсын онцгой комиссоос 1600 боодол өвс үнэгүй өгч, 600 боодол хивэгийг 50 хувийн хөнгөлттэй үнээр малчдад тараажээ. Үүнээс өөр тусламж ирээгүй байгаа учир цаашид хаваржилт хүндэрвэл тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа тухай орон нутгийн удирдлагууд ярьж байсан хэмээн МУЗН-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ