Ахмадын асуудлыг цогцоор нь төрийн бодлогод тусгасан

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 13 удаа хуралдаж, 11 хууль, 1 тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцжээ.
Тус байнгын хороо УИХ-ын 1 тогтоолыг баталж, хэлэлцэх эсэхийн 9 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 11 санал, дүгнэлт, байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай 6 танилцуулга, анхны болон эцсийн хэлэлцүүлгийн 65 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлсэн байна.
Байнгын хорооны тогтоолоор 15 ажлын хэсэг байгуулагджээ. Үүнээс хуулийн хэрэгжилтэд хяналт тавих 9 ажлын хэсэг, хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 4 ажлын хэсэг ажиллаж, шинжлэх ухаан технологийн салбар, инновацийн салбарын үйл ажиллагаатай танилцсан талаарх ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлтүүдийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, Засгийн газарт тус байнгын хорооны тогтоолоор үүрэг чиглэл өгсөн хоёр тогтоолыг баталжээ.
Тус байнгын хорооноос Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлуулсан байна.
Ингэснээр төрийн өмчит их, дээд сургууль, коллежийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-6О хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байх бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүнийг 3 жилийн хугацаагаар сонгох буюу томилж, бүрэлдэхүүний гуравны нэгийг жил бүр өөрчилж болдог байхаар хуульд нэмэлт, өөрчлөлт орж байгаа юм. Мөн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн өмчит их, дээд сургууль, коллежийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлнө.
Хүчин төгөлдөр үйлчилж байсан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд ахмад настны нийгмийн халамж, хамгааллын чанартай хуулийн заалтыг тусгаж байсан. Харин Ахмад настны тухай хуульд ахмад настны эрх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хөгжил, оролцоо, амьжиргааг дэмжих, хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах зэрэг асуудлыг цогцоор нь тусгажээ.
Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, амьжиргаанд томоохон дэмжлэг үзүүлэх зорилгоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд 2 удаа 50.0 мянгаас 250.0 мянган төгрөгийн насны хишгийг олгохоор тооцож холбогдох хөрөнгийг 2017 оны төсөвт тусган батлуулсан.
Ингэснээр Насны хишгийг 65-69 настай ахмад настанд тавин мянга, 70-79 настай ахмад настанд наян мянга, 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянга, 90, түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийн хэмжээтэй жилд 1 болон 7 дугаар сард улсын төсвөөс санхүүжүүлэн олгох юм.
Түүнчлэн Хүүхдийн мөнгийг олгох, Хүүхэд харах үйлчилгээ, Боловсролын сангийн зээл, Төрөөс эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг нийгэмд чиглэсэн олон хууль, тогтоомжийг тус байнгын хорооноос бэлтгэн батлуулсан байна.
Тус байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Эдгээр хууль, тогтоомжийг баталснаар МАН сонгуулиар амласан амлалтаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтаасан. Тиймээс бид энэ томоохон ажлуудаа эхлүүллээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбоотой хэд хэдэн хуулийг баталсан байгаа. Мөн Монгол Улс Залуучуудын хөгжлийн хуулийг хэлэлцэхээр болсон. Монгол улс залуучуудын орон. Тиймээс залуучуудын хөгжлийн асуудлаа хуульчлах нь зүйтэй юм. Хаврын чуулганаар энэ хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж батална.” хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ