Хүнийг үндэслэлгүй яллаж болохгүй

УИХ дахь АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийж, ОУВС-гийн хөтөлбөр болон АН-ын гишүүдийн баривчилгаатай холбоотой асуудлыг хэлэлцэж байр сууриа нэгтгэсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс татгалзвал дотооддоо ямар боломж байна вэ?
-ОУВС Монгол Улсад “Эдийн засаг, санхүүгийн хөтөлбөр” хэрэгжүүлэх боллоо. Эдийн засаг, төсөв хүндэрсэн үед улс орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх маягаар хэрэгжүүлдэг хөтөлбөр юм.
Бид ОУВС-гийн төлөөлөгчийн дүгнэлтийг орчууллаа. Түүнд “түүхий эдийн үнэ огцом буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт задран унасан нь Монголын эдийн засагт хүнд цохилт болсон” гэжээ. Энэ тодорхойлолтыг би зөв гэж үзэж байгаа. Монгол Улсын эдийн засаг дан ганц уул уурхайгаас хамааралтай. Өнгөрсөн жилүүдэд түүхий эдийн үнэ уналттай байсан бол өнөөдөр түүхий эдийн үнэ өссөн. Зэсийн үнэ нэг тонн нь 4000 ам.доллар байсан нь 6000 ам.доллар, нүүрсний үнэ 30 ам.доллар байсан нь 110 ам.доллар болсон. Үнэ өсөж, борлуулалт нэмэгдэж байгаа үед төсвийн зөв зохицуулалт хийх юм бол энэ хүндрэлээс гарах боломж бий.
Ганц юм зовоож байгаа нь урд талын авсан евро бондын 580 сая ам.долларын зээлийг төлөх хугацаа тулсан учраас үүнийгээ яах вэ гэдэг хамгийн тулгамдсан асуудал. Харамсалтай нь, манай эрх баригчид Засаг авсныхаа маргаашнаас эдийн засгийн үнэлэмжээ буулгах, эдийн засгийн үл итгэлцлийг бий болгох ойлголт төрүүлсэн учраас олон улсад гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алдсан.
-АТГ-аас АН-ын хэд, хэдэн гишүүнийг шалгаж байгаа гэлээ. Нэрийг нь хэлэх боломжтой юу?
-“Чингис бонд”-той холбоотой асуудлаар манай намын харьяалалтай хүмүүсийг шалгаж байгаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дээр янз бүрийн асуудал үүсэж болзошгүй байгаа. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр хоёр дээр зохион байгуулалттай хэрэг үүсгэсэн. Жишээлбэл, 440 сая төгрөгийн гэрээний нөхцөл хийхдээ энэхүү гэрээний нийт дүн нь ажлын нийт санхүүжилтийн эхний ээлжит санхүүжилт байна гэж заасан. Ажлын нийт санхүүжилтийн хэмжээг захиалагч, санхүүжүүлэгч тогтоох бөгөөд энэ асуудлыг нэмэлт гэрээгээр зохион байгуулна гээд 1.8 тэрбум болсон. Гэтэл 44 сая төгрөгийн ажлыг гэнэтхэн 1.8 тэрбум болгож өсгөсөн гээд улстөржүүлсэн. Үүнийг хэлмэгдүүлэлт гэж бид үзэж байгаа.
-440 саяын ажил 1.8 тэрбум болсон асуудлыг АН Засгийн эрхийг барьж байхдаа өөрсдөө шалгаад тогтоочихож болоогүй юм уу?
-Хөгжлийн банкны шалгалт үнэнд нийцэхгүй байгаа. Яагаад гэвэл Хөгжлийн банкны зээлээр олгогдсон бүх ажил хийгдэж дууссан. Хүнийг юм хийснийх нь төлөө үндэслэлгүйгээр яллаж болохгүй. Хулгай хийгээгүй, худлаа хэлээгүй, ажлаа л хийсэн. Шалгаж болохоос биш хүний эрхэнд халдаж, үндэслэлгүйгээр баривчилж болохгүй. Бид үүн дээр л байр сууриа илэрхийлж байгаа. Худлаа мэдээллийг нийгэмд тарааж болохгүй.
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах бол найман төрлийн татвар нэмнэ гэсэн. Татвар нэмэх хүрээнд орлого нэмэгдэх боломж бий юу?
-Татвараар орлого нэмэхийг бид шүүмжилж байгаа. Татвараар орлого нэмнэ гэдэг бол иргэд болон баялаг бүтээгчдийн халаас руу орж, энэ зээлийг эргэн төл гэсэн тулган шаардалт юм. Хэрвээ ОУВС-гийн хөтөлбөрийг авах зайлшгүй шаардлага байгаа бол иргэдийнхээ хэрэглээ, хуримтлал, цалинг бууруулах үйлдэл рүү бусдын даалгавраар санаатай орж болохгүй. Энэ бол бидний барьж байгаа бодлого.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ