Иргэдийн өргөдлийг шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллалаа

Өргөдлийн байнгын хороонд намрын чуулганы хугацаанд 17 мянга 292 иргэний гарын үсэг бүхий 1874 өргөдөл иржээ. Нийт өргөдлийн 11 хувь нь нийтийн эрх ашгийг хамгаалах тухай байсан бол 89 хувь нь хувийн чанартай байсан байна. Тус байнгын хорооноос өнөөдөр мэдээлэл хийж, намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагнасан юм. Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл:
-Өргөдлийн байнгын хороо 19 гишүүнтэй. Иргэдээс төр засагтаа хандаж ирүүлсэн бүх өргөдөлд хариу өгсөн. Өргөдөл болгоныг шийдвэрлэх санхүүгийн бололцоо байхгүй ч гэсэн асуудлыг ямар замаар шийдвэрлэх талаар анхаарч, холбогдох байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Байнгын хороо намрын чуулганы хугацаанд долоон удаа хуралдаж, 11 асуудал хэлэлцсэн. Бидэнд иргэдийн зүгээс хандсан томоохон асуудлыг хувааж аван ажиллалаа. Туул голын бохирдол, уул уурхайн нөхөн сэргээлт, ажлын байр, ЕБС-ийн Үдийн цай хөтөлбөр зэрэг сэдвээр долоон удаа нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтүүдийг нэгтгэн Засгийн газарт долоон тогтоол, нэг зөвлөмж, хоёр албан бичгээр чиглэл өгсөн. Бид Засгийн газарт хүргүүлсэн чиглэлийнхээ дагуу хэрэгжилтэд нь хяналт тавьж байгаа. Тухайлбал, ХНХЯ-наас ажлын байрны асуудлаар, УУХҮЯ-наас нөхөн сэргээлтийн асуудлаар байнгын хороонд мэдээлэл хийсэн.
Монгол Улсын нийт иргэдийн 42.8 хувь, Улаанбаатар хотын 95.7 хувь нь Туул голоос ундаалдаг гэсэн судалгаа бий. Туул голын бохирдлын асуудлыг шийдвэрлэх А.Сүхбат гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүд болон хайрга гэсэн гурван гол асуудалд төвлөрч байгаа аж. Туул голыг бохирдолд гол нөлөө үзүүлж буй Төв цэвэрлэх байгууламжийг 2017 онд багтааж шинээр барих ажлыг Засгийн газар хийж байгаа. Одоогоор ТЭЗҮ нь бэлэн болсон байгаа. Нийт 300 сая ам.долларын төсөвтэй.
Харин арьс ширний үйлдвэрүүдийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор Улаанбаатар хотоос гаргах тогтоолыг УИХ 2012 онд гаргасан. Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Мөн хайрга, дайрганы карьеруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарч байгаа. Энэ бүх үр дүнд Туул голоо цэвэр, тунгалаг болгох боломж бүрдэнэ. Ажлын байрыг нэмэх чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар ХНХ-ын сайд Н.Номтойбаяр байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Энэ онд 50 мянган залуусыг Япон улсад дадлагажуулахаар ажиллаж байгаа хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ