Засгийн газар санаачлагатай ажиллахгүй байна
УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.
-Шинэ парламент анхны намрын чуулганаа завсарлууллаа. Сөрөг хүчний төлөөллийн хувьд эрх баригчдын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-УИХ, Засгийн газар гээд шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүс залгамж чанар, өмнөх бодлогыг үргэлжлүүлэх талд тууштай байх ёстой. Ялангуяа олон хуулиудыг бодлогын алдаа гэдэг үндэслэлээр буцаах, хүчингүй болгох тохиолдолд гарч байна. Хүний эрхийг хамгаалах, эрүүгийн хуулиуд өнөөдрийг хүртэл хэрэгжиж чадахгүй, хүний эрхийг хангах асуудал орхигдсон тал бий. Өнөөдрийн улс төрийн орчинд үүсээд байгаа хамгийн гол орхигдсон зүйл Хүүхдийг хүнд хүчир, хөдөлмөрөөс хамгаалах хууль. Засгийн газар энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байна. УИХ дээр батлагдсан хуулийг тогтоолоор буцаадаг буруу жишиг гарч байна.
Аливаа хүн гэм буруутай нь тогтоогдвол хууль шүүхийн байгууллагын өмнө хариуцлагаа хүлээдэг. Гэтэл Эрүүгийн хууль батлагдаагүй энэ үед олон хүнийг хорих үзэгдэл гарч байна.
-Засгийн газрын тухайд...?
-Энэ Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг гишүүний нэг нь би. Засгийн газар хурдан биш удаан, санаачлагатай ажиллахгүй байна. Эдийн засгийн нөхцөл байдал биднийг хүлээхгүй. Хэрвээ 2017оны төсвийн тодотголоо яаралтай өргөн барьж хэлэлцүүлэн, ОУВС-тай хийх хэлэлцээрээ хэрэгжүүлэхгүй бол байдал хүндэрнэ. Цаг хугацаатай уралдаж ажиллах шаардлагатай. Энэ долоо хоногтоо амжаад Засгийн газар 2017 оны улсын төсвөө өргөн бариасай гэж хүсч байна.
-Парламент дахь эмэгтэйчүүд хэр хамтарч ажиллаж байна вэ?
-Эмэгтэй гишүүдийн тоо өнөөдөр парламентад олон байгаа. Гэхдээ сөрөг хүчний бүлэгт нэг эмэгтэй гишүүн байна. Эмэгтэйчүүд бид олон асуудлаар хамтарч ажиллаж байгаа. Жишээлэхэд, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Хүүхэд хамгааллын хууль гэсэн тодорхой асуудалд хамтарч ажиллаж байна. Гэсэн хэдий ч өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг нийгмийн халамж шаардсан хэсэгт төдийлөн шийдвэр гаргах түвшинд ажиллаж чадахгүй байна. Тухайлбал өнөөдөр энэ оны төсөвт тодотгол хийж олон татвар нэмэхээр яригдаж байгаа. Ажлын байруудыг бий болгодог аж ахуй нэгжүүдийн олонхийг эмэгтэйчүүд тэргүүлж байдаг. Ажил олгогч хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмнэ гэдэг тодорхой хэмжээгээр хүндрэл үүснэ гэсэн үг. Энэ бүх татвар нэмэх,, тэтгэврийн насыг нэмэхтэй холбоотой асуудал эмэгтэйчүүд бид байр сууриа илэрхийлнэ.
-АН-д шинэчлэл үргэлжилж байна. Намын удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар дүрэмд тусгасан болов уу?
-АН-ын дүрэмд энэ асуудал туссан байгаа. АН шинэчлэлээ 5 зүйлээр тодорхойлж байгаа. Нээлттэй, бодлогын, хариуцлагатай нам байна. Өмнөх дүрмээр 54 эмэгтэй ҮЗХ-ны гишүүн байсан. Энэ удаагийн дүрмээр дээрх квот хадгалагдана. Мөн нэг дэд дарга нь эмэгтэй хүн байна гэдгийг шинэчлэлийн хүрээнд ярьж байгаа.
-Цаашдаа эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайллыг нэмэгдүүлэх нь хоёр хүчин зүйлээс хамаардаг. Нэгдүгээр эмэгтэйчүүд биднээс үл хамаарах зүйл байна. Энэ нь хуулийн дагуу сонгуульд нэр дэвших квотын асуудал байдаг. Хоёрдугаарт, эмэгтэйчүүд сонгуулийн санхүүжилтээ босгох нь туйлын хүнд асуудал байна. Санхүүгийн бэрхшээлээс шалтгаалаад олон сайн эмэгтэйчүүд улс төрд орж чадахгүй байгаа. Нөгөө талаасаа бид манайлагч байхын тулд өөрөөсөө шалтгаалсан олон зүйлийг хийх шаардлагатай. Тууштай байх, мэдлэг чадвар, боловсролоо дээшлүүлэх гээд.Энэ бүхнийг тууштай хийж, зорьж чадвал өнөөдрийн парламент дахь 13 гишүүний тоо нэмэгдэх болно.
Хууль эрхзүйн орчны түвшинд тодорхой зохицуулалт хийгдсэн байгаа. Эмэгтэйчүүдийн квот хадгалаастай байна. Жендэрийн тэгш байдлыг хангах хуулийн заалт бий. Хамгийн гол нь байгаа хуулиудаа бүх шатандаа хэрэгжүүлэх шаардлагатай. Засгийн гээд хуулиа хэрэгжүүлэхгүй байж болохгүй. Бүх томилгоон дээр Жендэрийн тэгш байдлыг хангах хуулийн дагуу эмэгтэйчүүдийг зөв байршуулах ёстой. Харамсалтай энэ байдал зөрчигдөж байна. Цаашдаа улс төрийн намуудын бүх түвшинд санаачлагатай байж чадвал эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд дөхөм болох юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ