МАН Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийхээ зогсоо

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:
-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын яам, агентлагийн албаны хүмүүстэй энэ сарын 20-нд уулзахдаа хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Ингэхдээ АН өр тавьдаг, МАН өр барагдуулдаг гэж ойлгогдохоор, үнэнийг хэтэрхий гуйвуулсан, хэт улстөржсөн мэдэгдэл хийсэнд АН-ын зүгээс харамсаж байна.
Өнгөрсөн долоо хоногт төлж дууссан бондын төлбөр бол 2012 оны гуравдугаар сард тухайн үеийн МАН-ын Ерөнхий сайд Сү.Батболдын гаргасан Евро бондын өрийг өрөөр дарах замаар “Хуралдай” бонд гаргаж төлсөн. Евро бонд жилийн 5.75 хувийн хүүтэй байсан бол “Хуралдай” бонд нь 8.75 хувийн хүүтэй. Өрийг өрөөр дарж байна. Хүүний зөрүүнээс 358 сая ам.долларын хохирол учирч байна.
Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаад есөн сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжих бодитой шийдэл нэгийг ч гаргасангүй. Энэ бүхнийгээ субботник хийлээ гэж дүгнэсэн байна. Ерөнхий сайдыг субботник хийлгэх гэж сонгодоггүй, бодлого боловсруулж, шийдвэр гарга, эдийн засгийн өсөлтийг дэмж гэж гаргадаг.
Мөн АН-ын үед “Чингис” бондыг салхинд хийсгэсэн гэж мэдэгдсэн. Тийм зүйл байхгүй. 2012-2016 оны үед хамтарсан засаг барьж байсан. Голлох экспортын бүтээгдэхүүний үнэ өнөөдрийн ханшнаас 2-5 дахин унасан байсан. Энэ үед АН тухайн үеий н МАН-ын халамжийн зорилгоор зээлсэн “Оюутолгой”, “Чалько” зэрэг компаниас зээлсэн нийт төлбөрийн 80 орчим хувийг төлж барагдуулсан. “Чингис” бондоос гаргасан 1.5 тэрбум ам.долларын хувьд 21 аймгийг авто замаар холбох төсөл хэрэгжсэн. ТЭЦ 3, 4-ийг өргөтгөсөн, 80 мянган айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Цаашид МАН энэ мэт худал мэдээлэл хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийхээ зогсоох хэрэгтэй. Эдийн засаг байдал сайнгүй байгаа энэ үед МАН 2016 оны сонгуульд иргэддээ амласан амлалтаа биелүүлж, өрийг өрөөр дарах биш, эдийн засгийн өсөлтөө хангаж өр, зээлээ дарах ёстой хэмээлээ.
Түүнчлэн “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Зүүн хойд Ази болон манай бүс нутгаар айлчлал хийсэн. Токио, Бээжин, Сөүл гээд гурван газар буусан. Харамсалтай нь Улаанбаатарт буусангүй. Энэ бол Гадаад харилцааны яамны санаачлага муу байгаатай холбоотой. Гурав дахь хөршийн бодлогоо хойгуур тавьснаас болж АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Улаанбаатарт ирсэнгүй. Цаашид Гадаад харилцааны яамныхан идэвхитэй ажиллах ёстой гэж АН-ынхан үзэж байгаа. Ерөнхий сайд асан С.Баярыг Элчин сайдаар томилогдсоныг эсэргүүцэж Лондонд жагсаал хийж байгаа. Үүнийг Ардчиллын соёлд суралцсан шинэ үе бий болж байна гэж үзэж байгаа. Хэрвээ иргэдийн үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбогдуулан ямар нэгэн дарамт учруулсан, дипломат албан тушаалтныг эргүүлж татах хүртэл арга хэмжээ авахын төлөө АН ажиллана хэмээн мэдээлэв. Түүнийг мэдээлэл хийсний дараа зарим зүйлийг тодруулсан юм.
-Бондын хүү өссөн нь зээлжих зэрэглэл буурсантай холбоотой юу?
-Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайд нар хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Үүний улмаас зээлжих зэрэглэлийг 2 шатаар буулгасан. Дотоодын улс төрөө гадагш нь цацсанаас болж гарсан МАН-ын алдаатай мэдэгдлийн үр дүн гэж ойлгох хэрэгтэй.
-Төсвийн тодотголоор зарим төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон. Төсвийн зардлаас танах ямар боломж байгаа гэж харж байна вэ?
-Үүнийг АН-ын хувьд ажиглаж байна. Дөрөвдүгээр сарын 11-нд ОУВС-гийн Захирлуудын зөвлөл Нью-Йоркт хуралдах ёстой. Түүнээс өмнө Монгол Улс хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой гэж эхний ээлжинд тохирсон. Гэтэл Ээлжит бус чуулган хуралдалгүй өнөөдрийг хүрлээ. Миний ойлгосноор МАН-ын Удирдах зөвлөл хөтөлбөрт орох эсэх нь эргэлзээтэй болсон гэх мэдээллүүд сонсогдож байна. Юутай ч дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл харна. Үүний дараа АН байр сууриа илэрхийлнэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ