”Нөхөн сэргээлт хийх үлдлээ”

УИХ-ын гишүүд хаврын чуулганы завсарлагаанаар тойрогтоо ажиллаж, иргэдтэй уулзаж байгаа. Мөн зарим нь хуулийн төсөл дээр ажиллаж, холбогдох байнгын хорооны асуудлаа шийдвэрлүүлж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Өргөдлийн байнгын хороонд иргэдээс ирүүлсэн өргөдөл, саналыг холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллажээ. Туул голын орчим элс, хайрга олборлодог аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг нийслэлийн Засаг дарга гаргажээ. Намрын чуулганы үеэр Өргөдлийн байнгын хороонд Хан-Уул дүүргийн иргэдээс уг асуудлаар өргөдөл ирүүлсэн байна. Иргэдээс ирүүлсэн өргөдлийг шийдвэрүүлэхээр холбогдох байгууллагад хандсанаар хотын дарга дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл “Хатан Туул ээжийн нулимсыг урсган байж,Улаанбаатарчуудаа ундны усгүй болгон алдсан карееруудын үйл ажиллагааг Хотын дарга бүр мөсөн зогсоолоо.ХАН-УУЛЧУУД, тэр дундаа 12-р хорооны иргэд маань энэ жилээс том машины тоос шороо,дуу чимээнээс холхон аж төрөх нь. Одоо Туул голыг тойрон талыг там болтол ухаж сэндийлэн хүн,малыг гишгэх газаргүй болгосон нүхнүүдийг буцаан тэгшилж нөхөн сэргээлт хийх ажлыг гүйцэтгүүлэх үлдлээ.” хэмээн цахимдаа жиргэжээ.
Өмнө нь тус байнгын хороонд ирүүлсэн өргөдлийн дагуу далан, сувгийн дээгүүр автомашин завсарлах үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэрийг мөн гаргасан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ