”Тавантолгой”-гоос 1.2 их наяд төгрөгийн орлого олох боломжтой

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагууд Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн захирал Д.Ариунболд:
-“Эрдэнэс-Тавантолгой” компани БНХАУ-ын “Чалко” компаниас “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөл”-тэйгээр хийгдсэн 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөрйин үлдэгдлийг энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон 100 хувь төлж барагдууллаа. Ингэснээр Цанхийн Зүүн уурхайн үр өгөөж Монгол Улсын төсөвт бүрэн орох нөхцөл бүрдэж байна. 6 жил сунирсан “Чалко” компанийн нийт үндсэн төлбөрийн үлдэгдэл 30 хувийг 7 сарын хугацаанд бүрэн төлж дууслаа.
Энэ өрийг барагдуулахад Монгол Улсын Засгийн газраас өгсөн оновчтой чиглэл болох нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоох үнийн бодлого, Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн шийдвэр голлон нөлөөлсний дээр “Эрдэнэс-Тавантолгой” компаний зөв менежментийн үр дүн юм.
“Эрдэнэс-Тавантолгой” компани 2016 оны есдүгээр сард тонн тутам нь 27 ам.доллараар борлуулж байсан нүүрсний үнийг 10 сард 33 ам.доллар, олборлогч компанитай хэлэлцсэний дүнд 12 дугаар сард 50 ам.доллар, 2017 оны нэгдүгээр сараас 59.3 ам.доллар болгон 120 хувиар өсгөсөн. Цанхийн баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар үнийг 72.5 ам.долларт хүргэж, өмнөх үнээс 169 хувиар өсгөөд байна.
Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн тендэрт “Монгол Уурхайчид” түншлэл шалгарсан. Үндэсний оператор компани олборлолт хийснээр олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэж, баруун уурхайн олборлолтын зардал зүүн уурхайн олборлолтын зардлаас ойролцоогоор 2 дахин буурч, Тавантолгойн ордыг Монголчууд өөрсдөө олборлож чаддагийг батлан харуулсан явдал боллоо.
“Эрдэнэс-Тавантолгой” компани 2017 онд Цанхийн баруун, зүүн уурхайгаас зэрэг 11.5 сая тонн нүүрс олборлосон. Одоогийн байдлаар 2.8 сая тонн нүүрс олборлоод байна. Үлдсэн хугацаанд 9 сая тонн нүүрс олборлоно. Зах зээлийн үнэ сайн, боломжийн байвал энэ ондоо багтаагаад 550 сая ам.долларын буюу 1.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олох боломж бүрдэж байна.
Ерөнхий сайдад өр төлж барагдуулсан батламжаа бид гардууллаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “энэ ондоо багтааж үлдсэн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулах, дээр нь 1072 хувьцааг даруй “амь оруулах” үүргийг өглөө хэмээлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ