“ЗААГ”-ийг нээв

img

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын “ЗААГ” номын нээлт СТӨ-нд боллоо. Тэрбээр номынхоо нээлтийн ёслолын арга хэмжээг нээж үг хэлэхдээ “Дөрвөн жил олон ч  хуудас цаас эрээчсэн, тэрнийгээ олон ч удаа хайр найргүй урж хаясан даа. Тийнхүү аар саархан намтар түүхээрээ оролдож суутал, “Тэрбишдагва гэдэг ганц бодгаль хүний туулсан хийгээд туулж байгаа амьдрахуйн зам мөрийн дүр зургийг гаргаад бүхэлд нь зурчихвал нэгэн жаран, бүтэн нэг улс орны түүх нийгмийг ахуй амьдралтай нь харуулчихаж болох юм биш үү дээ” гэх бодол орж ирсэн нь “ЗААГ” номын маань утга учир, амин сүнс нь болсон билээ. Харин ч номын минь дотоод ертөнц бол Монгол улсын хөгжлийн гарц болох  “Ажилсаг Монгол хүн”, “Сахилга дэгтэй Монгол хүн” гэсэн философид зангигдсан болохыг та бүхэндээ учирлан хэлэхийг хүсч байна. Монголчууд бид ч гэсэн ардчилагчид мөн бишээрээ, манай нам танай нам гэдгээрээ, бүр нам дотроо хүртэл бүлэг фракцаараа талцан бие биеэ зааглан, хиймэл салхин тээрэм бий болгочихоод тэмцэлдсэн хэвээр л байна. Тэгж байгаад улсаа хүртэл нураачих дөхөх л юм. Хаа байна аа, тэр үзэн ядаад байгаа дайсан чинь, дайсагнал чинь, учир зүйгээ олоод, юу юугүй зааглаад босч ирээд байгаа тэр хаалт саадыг нураачих л юм бол, цаанаас нь хэн гарч ирэх вэ, адилхан монголын үрс, зовдог жаргадаг зүрхтэй ахан дүүс чинь гарч ирнэ. Яах юм бэ, тэгж бие биенээсээ зааглагдаад, тэр хэрээр улс орон минь л хохирно. 

 

Ард түмний сайн сайхан, аз жаргалтай амьдрал, эв нэгдэл, хамтын ажиллагаа, амгалан тайван байдал, хөгжил дэвшилд ямар ч хана хэрэм, зааг хязгаар хэрэггүй.

 

Харин хүний эрх, эрх чөлөөг боомилох, үзэн ядалт, эзлэн түрэмгийлэл, сахилга, дэг журамгүй байдал зэрэг хүн төрөлхтөний сайн сайхны эсрэг бүхэнд “хатуу хана хэрэм, зааг хязгаарлалт ямагт байх ёстой”-г энэхүү номын ”ЗААГ ” нэр бүхэлд нь агуулж, төлөөлж чадна гэж үзсэн юм.

 

 Тийм ээ, ЗААГ БАЙХ ЁСТОЙ ТЭР ГАЗАРТАА Л БАЙГ, байх ёсгүй газраа нэг ч өдөр, нэг ч цаг бүү байг” гэж онцоллоо.

 

Номын нээлтийн ёслол дээр  Ардын Уран Зохиолч Д.Урианхай, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, профессор, академич Б.Жадамбаа,  Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Төв номын сангийн захирал, яруу найрагч Б.Ичинхорлоо нар    сэтгэлийн үгээ, захиасаа хэлж, бодол шүүмжээ үзэгч олонтой хуваалцаж байлаа.

 

Д.Урианхай гуай хэлэхдээ “Ном бичнэ гэдэг их зовлонтой ажил. Нэг хуулийн  төсөл боловсруулж бичихээс ч хэцүү. Энэ зовлонг би насаараа эдэлж байна.  Хүн төрөлхтөн маш буруу амьдарч байна. Одооны залуусын үгээр бол “хулхи” амьдарч байна. Нэгдүгээрт бурхны сургаалийг огоорч байна. Хоёрдугаарт байгалиа сүйтгэж,гомдоож байна. Гуравдугаарт бие биенээ хайрлахаа больсон. Ийм болсон учраас хүн төрөлхтөнд ойлгуулж, тэднийг гэгээрүүлэхийн тулд ном бичих шаардлагатай болсон. Мөн ийм сайхан “зовлон” эдэлсэн дүүдээ их баярлалаа ” хэмээсэн юм.

 

Үүний дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Энэ номыг гүйлгэж уншлаа.  Нэг талаас Тэрбишдагвын тухай ч гэлээ нөгөө талаас харахаар Монголын нийгмийн, Монгол төрийн 60 жилийн түүх уншигдана” хэмээсэн юм.

 

Харин профессор, академич Б.Жадамбаа “Зааг номыг уншаад олон сэтгэгдэл төрлөө. Манай улсын хөгжил буруу болсон. Яагаад буруу болсон шалтгаан нь заагт байна. Зааг байх ёстой газраа л байх ёстой. Зааг зогсвол зовлон, зааг хөдөлбөл хөгжил дэвшил бий болно. Үүнийг дотоод сэтгэлийн өчил болгон бичсэн байна” хэмээн онцоллоо. 

 

Төв номын сангийн захирал, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо хэлэхдээ “Зохиогч маань түрүүнд хэлэхдээ бид нар   нам, бүлэглэл, фракц гэж хэмлэлдсээр,  хүмүүс хоорондоо үзэн ядалтын  зааг босгосоор, хүн хүнээ хайрлах сэтгэл алсарсаар  байгаад улсаа нураачих вий дээ гэж хэлсэн. Төрийг түшиж яваа  түшээдээс маань ийм  хандлага илэрч, дотоод сэтгэлд бий болсон  ангал заагийг халж,  аль болох илааршуулах, нийгмийг эмчлэхийг  манлайлж байгаад баяртай байна. Нийгмийг эмчлэх хүмүүс  яах л аргагүй зохиолч, эрдэмтэн мэргэд, сэтгэгчид.  Сэтгэлийг бохирдуулж зааглаж байгаа заагийг нураахаас гадна  бас  хэм хэмжээний заагийг өөртөө барьж байх тухай энэ номондоо тусгасан байна” хэмээсэн юм.

 

Харин Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров  “Тэрбишдагва “Ажилч байя, сахилга баттай байя”, ийм сэтгэлгээний өөрчлөлт хийе гэжээ. Үүнийгээ гарц гэж үзэж байгаа юм байна. Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүн болоод эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэж онцолж байсан даа. Тэгэхэд Тэрбишдагва “хариуцлага, хариуцлага, хариуцлага”  онцлоод байсан нь ийм учиртай аж. Тэгэхээр улстөрийн зүтгэлнүүд хөгжлийн гарцыг  тал талаас хардаг юм байна. Төлөвлөгөөний комиссын Дамдин хэрэгтэйг дурдаж. Ерөөсөө  төлөвлөхгүй, хянахгүй бол бүтэхгүй нь, тиймээс  шинэ төлөвлөгөөний комиссыг санал болгож. Үүнийг  би дэмжиж байна. Манлайлагчийн тухай ч дурдаж.  Сингапурын түүхээс иш татаж,  тэд улстөр,  эдийн засгийн шийдлийг бүх нийтээрээ  хүлээн зөвшөөрөгдсөн сэхээтнүүдтэйгээ нийлж гаргасан, монголчууд бидэнд ч гэсэн   ийм шаардлага бий болжээ  гэжээ. Гэтэл бид оюунлаг сэхээтнүүдээ  хэр ашиглаж байгаа билээ дээ” хэмээгээд өөрийнхөө уран бүтээлийн дээжсээс гардуулав.

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “Тэрбишдагва ах энэ номондоо зааггүйгээр амьдарч болно гэдгийг өгүүлсэн байсан. Бид хоёрын хувьд бие биедээ зааг гаргаж явсан үе бий. Би Тэрбишдагва ахыг  эсэргүүцэж поошиг нүдэж, талбай дээр  жагсаал хийж ч явлаа.   Гэхдээ хоёр намыг нэгтгэх, хамтарч ажиллуулах чиглэлээр ярилцсаар, Тэбэ ахын эр хүний ноён нуруутай, ууч зан, алсын хараа нь биднийг ойртуулж, өрсөн заагаа нурааж чадсан хэрэг ээ. Биеийн булчинг штанк өргөөд, дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлдэг бол, тархины булчинг номоор хөгжүүлдэг. Тиймээс залууст бас тархиа хөгжүүлэхэд асар хэрэгтэй оюуны бүтээл туурвисанд  баярлалаа” хэмээн онцлов. 

 

Зочид үг хэлсний дараа номын баринтаг задлах ажлаар ёслолын үйл ажиллагаа үргэлжилсэн юм. Номын дээжээс  Ерөнхийлөгч асан Н.Багабанди,УИХ-ын дарга асан  Д.Дэмбэрэл, төрсөн эгч Д.Цээсүрэн, нутгийн зон олны төлөөлөл Архангай аймгийн ИТХ-ын дарга н.Баттулга, сайд н.Өөлд, С.Мягмар, хамба лам Ариунболд, Ардын Уран Зохиолч Т.Галсан, ХХААХҮЯ-ны сайд Бурмаа, хатагтай Даариймаа, дархан аварга Г.Өсөхбаяр, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан нарт гардууллаа. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ