”Эрдэнэт”-ийн асуудлаар бидэнтэй хэлэлцээр хийгээгүй

“Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэт”-ийн ТУЗ-ын шинэ бүрэлдэхүүн ч өнгөрсөн баасан гаригт тодорч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэрийн өмчлөлийн гэрчилгээг төрийн нэр дээр гаргуулан, улмаар өмнөх 49 хувийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх шийдвэр гаргаад байгаа юм. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан “Монголын зэс” корпорацийн гүйцэтгэх захирал М.Мөнхбаатартай ярилцлаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрд шилжүүлэх УИХ-ын тогтоол батлагдсан. Энэ хугацаанд та бүхэнд төрөөс та бүхэнтэй ямар нэг хэлэлцээр хийгдсэн үү?
- УИХ-аас батлагдсан тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан гэсэн. Ажлын хэсгийн ахлагчаар нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн томилогдсон юм билээ. Гэхдээ энэ ажлын хэсэг өнөөдрийг хүртэл бидэнд албан болон албан бус байдлаар хандаагүй. Утсаар ч яриагүй. Албан бичгээр ч хандаагүй. Нэгэнт ажлын хэсэг байгуулагдсан гэсэн мэдээлэл хэвлэлээр явсан учраас тэд ажлаа хийж л байгаа гэсэн үг. Тогтоол батлагдсанаас хойш өдийг хүртэл ажлын хэсэг бидэн рүү албан ёсоор хандаж, тогтоолд тусгагдсанчлан хэлцэл хийх юм байна гэсэн хүлээлттэй байсан.
-Тэгэхээр тогтоолын заалт хэрэгжээгүй байгаа гэсэн үг үү. Хамгийн сүүлд Засгийн газраас “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэх шийдвэр гарлаа шүү дээ.
-УИХ-аас баталсан тогтоол нь үндсэн дөрвөн заалттай байсан. Нэгдүгээрт, Засгийн газрын 330-р тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгох. Хоёрдугаар заалтдаа “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газар болгохоор тусгасан. Тогтоолын гуравдугаар заалтад Засгийн газраас хувийн хэвшилтэй хэлцэл хийж, төлбөр тооцоог бүрэн барагдуулах утга агуулгатай гарсан байсан. Мөн өмнөх Засгийн газрын зарим гишүүдэд хариуцлага тооцохоор тогтоолд тусгаж өгсөн байдаг. Энэ тогтоолыг харахад, агуулгынхаа хувьд “Монголын зэс” корпораци нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч гэдгийг хүлээн зөвшөөрснөөр тусгагдсан. Улмаар Засгийн газрын 330-р тогтоолын зөвхөн нэгдүгээр заалтыг хүчингүй болгосноор “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцаа эргээд Оросын талд буцахаар ойлгогдож байгаа. Тогтоол өөрөө ийм хоёрдмол утгатай заалт агуулсан.
-Засгийн газраас “Эрдэнэт ”-ийн ТУЗ-ийн гишүүдийг 100 хувь төрөөс томилох шийдвэр гаргахдаа та бүхэнд урьдчилан мэдэгдсэн үү?
-Бидэнд энэ талаархи ямар ч мэдээлэл ирээгүй. Уг нь хуулиараа ТУЗ эхлээд хуралдах ёстой. Засгийн газраас гарсан шийдвэрийг бид хэвлэл мэдээллээс л олж мэдсэн.
-Тэгэхээр ТУЗ-ынхан ажлаа явуулж байгаа гэсэн үг үү?
-Одоогоор хэвийн ажиллаж байна. Хамгийн сүүлд гуравдугаар сард ТУЗ-ийн ээлжит хуралдаанаа хийсэн. Энэ нь өөрөө төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар “Монголын зэс” корпорацийг өнөөг хүртэл хувьцаа эзэмшигчээр зөвшөөрч буйн нэг илрэл юм.
-Ажлын хэсгийнхэн та бүхэнтэй уулзах хүсэлт тавиагүй юу эсвэл та бүхэн хуралд дуудах үед нь очоогүй юу?
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас бидэнтэй яг энэ асуудлаар огт уулзаагүй. Дээр хэлсэнчлэн ажлын хэсэг байгуулагдсаны дараа “Эрдэнэт ”-ийн ТУЗ нь хуралдаанаа хийгээд явж байсан. Өнгөрсөн гуравдугаар сард “Эрдэнэт ”-ийн ТУЗ-ийн хуралдаанаар Гадаад харилцааны яамнаас ирсэн албан бичгийн асуудлыг хэлэлцсэн. Ингэхдээ сууж хуралдаагүй. Компанийн тухай хуульд заасанчлан эчнээ хуралдаан зохион байгуулж, ТУЗ-ийн гишүүдийн саналыг нэгтгэсэн.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “Эрдэнэт ”-ийн 49 хувийн хувьцааг төрд шилжүүлэх, өмчлөлийн гэрчилгээг төрд шилжүүлэх хүсэлтийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргасан болохыг мэдсэн. Энэ дагуу бид өчигдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт очиход ТӨБЗГ-ын албаны хүмүүс оччихсон, бүртгэлийг нь хийлгэх гээд байж байгаатай таарсан байгаа. Бидний зүгээс бүртгэлийг шууд явуулах нь хууль зөрчиж байгаа үйлдэл гэдгийг тайлбарласан албан бичиг өгсөн хэдий ч гэрчилгээг олгосон байна. ОӨУБЕГ холбогдох материалыг хуулийн дагуу шалгаж, хууль зөрчсөн байдлаар бэлтгэгдсэн эсэхийг нягтлаж үзэх учиртай. Гэвч ийм процесс өрнөсөнгүй.
-УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж зарим иргэд ҮХЦ-д хандаад байгаа. Энэ хүмүүс танайтай холбоотой юу?
-Миний ойлгосноор хоёр тусдаа маргаан цэц дээр явж байгаа юм билээ. Цэцийн асуудал бол биднээс тусдаа.
-Та бүхэн Арбитрын шүүхэд хандахаар уу?
-Энэ асуудлаар манай хуулийн баг ажиллаж байгаа. Мөн “Ростех”-ийн хуулийн байгууллага энэ асуудал дээр ажиллаж байгаа юм билээ. Нэхэмжлэх хохирлын нийт дүнг шүүхэд гомдол гаргахаас өмнө бид олон нийтэд мэдээлж болохгүй. Бид мэдээж дараагийн алхмаа хийж, шүүхэд хандана.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ