Төрд ажиллаж байгаа хүмүүст аттестатчилал явуулах ёстой

“Төрийн албаны эрх зүйн шинэтгэл ба тулгамдсан асуудлууд” сэдвээр өнөөдөр эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд зохион байгуулав. Хурлын үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогоос зарим зүйлийг тодрууллаа.
-Засаг солигдох бүрт төрийн албанд халаа сэлгээ хийгддэг. Үүнийг хэрхэн засах вэ?
-Сүүлийн 20 жилийн статистик харахаар Монгол Улсын төрийн алба сонгуулийн циклийн амьдралтай, дөрвөн жил тутамд савладаг. Сонгуульд аль улс төрийн нам ялснаас төрийн алба маш их сэгсрэгддэг. Энэ нь төрийн албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллуулдаг заалтыг хуулиндаа нарийн суулгаж өгөөгүйтэй холбоотой. Одоо энэ заалтыг холбогдох хуулиудад суулгаж өгөхөөр ажиллаж байна.
Ингэхдээ мерит карьерын зарчмыг хуульчилж өгөх ёстой юм. Энэ нь төрийн албаны шалгалт өгч тэнцээд туслах мэргэжилтэн боллоо. Шаардлагаа биелүүлээд ахлах мэргэжилтэн, цаашлаад тасгийн дарга, газрын дарга Төрийн нарийн бичгийн дарга болох гэх мэт шат дамжлагаар явна. Боловсролын систем, хөдөлмөр эрхлэлтийн зохицуулалт монгол хүний дундаж насыг аваад үзэхээр дунджаар 18 жил шаардаж байгаа. Азийн бусад орнууд болох Япон, БНСУ-д 18-22 жил байдаг. Карьерын зарчмаар явдаг болохоор тохиолдлын журмаар гаднаас хүн орж ирдэг нь зогсоно. Намын харьяаллаар эсхүл бусад шалтгаанаар албан тушаалд томилдог сэлгээ алга болно.
Мөн албан тушаалын ангилал зэргээр нь стандарт тогтоож өгөх ёстой. Хуулинд нарийн тусгаагүйгээс зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга нь огт төрийн албанд ажиллаж байгаагүй хүн томилогдож байх жишээтэй. Зарим яамны ахлах мэргэжилтэн нь төрд насаараа ажилласан хүмүүс ажиллаж байх жишээтэй. Дээрээс нь төрд ороод ажиллаж байгаа хүмүүст аттестатчилал явуулах ёстой.
-Төрийн албаны хүнд суртлыг хэрхэн арилгах вэ?
-Монголын төрийн алба маш хүнд сурталтай байна, арилахгүй байна. Тэгэхээр тухайн хүн ажилдаа тэнцэж байна уу гэдгийг хамт олон дунд нь хэлэлцдэг, ажлыг нь үнэлдэг байх ёстой. Одоо бол зөвхөн дарга л үнэлж байна. Дээр нь олон нийтийн санаа бодлыг сонсдог байх. Ийм заалт хуулийн төсөлд тусгасан. Нөгөөтэйгүүр, төрийн албанд орж байгаа хүмүүсийг сонгон шалгаруулахдаа олон нийтийн, төрийн албаны төв байгууллагын төлөөлөл, сонгон шалгаруулалт явуулж байгаа байгууллагын төлөөлөл бүгдийг нь оролцуулахаар нээлттэй болгож байгаа.
-Төрийн албаны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан нь ажилд томилогдож чадалгүй хоёр жил болж, эцэст нь ажилд ортол чөлөөлөгдсөн хүн нь амиа хорлосон хэрэг гарлаа. ТАЗ сонгон шалгаруулалтынхаа дүнд хяналт тавьдаг уу?
-Хуулиараа бол сонгон шалгаруулалт явуулаад хамгийн өндөр оноо авсныг тухайн албан тушаалд томилохоор санал болгоно. Сонгон шалгаруулалтад орсон иргэн 60-аас дээш хувийн босго авсан нөхцөлд тухайн албан тушаалд томилогдож болох хүний нөөцөд ордог. Завхан аймгийн хувьд 2015 онд сонгон шалгаруулалт явсан. Засгийн газрын 351 дүгээр тогтоол гараад төрийн үйлчилгээний албаны ангилалд хамаарч байсан санхүүгийн ажилтныг төрийн захиргааны албан хаагчийн ангилал зэрэгт хамруулсан юм.
Ийм ангилалд хамруулах болсон учраас санхүүгийн ажилтнууд төрийн албаны шалгалт өгөх шаардлагатай болсон. Завхан аймгийн хувьд бүх сумдад нь 2015 оны дөрөвдүгээр сард шалгалт зохион байгуулсан. Идэр сумаас гурван хүн шалгалтад ороод босго оноогоо давж нөөцөд бүртгэгдсэн. Хамгийн өндөр оноог Н.Нямжав авсан байдаг. Гэсэн ч тухайн ондоо албан тушаалд томилогдоогүй. Томилогдоогүй тухай гомдлоо Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөл болоод Төрийн албаны зөвлөлд огт мэдэгдээгүй. Зөвхөн сумынхаа удирдлагад гомдол мэдүүлсэн юм билээ.
Тухайн үеийн Засаг дарга нь Н.Нямжавыг ажилд аваагүй шалтгаанаа “Чи ашиг сонирхлын зөрчилтэй учраас томилж чадахгүй” гэж хэлсэн байдаг. Н.Нямжавыг төрийн сангийн мэргэжилтнээр томилоход Ашиг сонирхлын зөрчилтэй байсан байж болно. Түүнийгээ мэргэжлийн байгууллагаар тогтоолгох ёстой. Авлигатай тэмцэх газар “Энэ хүнийг тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил байна уу, үгүй юу” гэдгийг тогтоодог. Гэтэл тухайн үеийн Идэр сумын Засаг дарга нь албан ёсоор тогтоолгоогүй хэрнээ Н.Нямжавыг ажилд нь томилоогүй. Сум дотроо зөрчил гараад хоёр жил өнгөрсөн.
Харин 2016 онд аймгийнхаа салбар зөвлөлдөө энэ талаар өргөдөл гаргаад салбар зөвлөл хянаж үзээд “Хамгийн өндөр оноо авсан хүнийг ажилд томилох ёстой , хууль хэрэгжүүл” гээд сумын Засаг даргын Тамгын газарт бичиг хийж өгсөн. Сум нь тэр хүнийг ажлаас чөлөөлөөд өндөр оноо авсан хүнийг томилсон юм байна. Зохих байгууллага нь хянаж байгаа, учир шалтгааныг нь нарийн тогтооно. Төрийн албаны зөвлөл холбогдох мэдээллийг авч байгаа.
-ТАЗ хэрэг явдал болсны дараа өндөр оноо авсан хүн нь ажилдаа томилогдож чадалгүй хоёр жил болсныг мэдсэн хэрэг үү?
- Гомдол гаргаагүй учраас бид мэдээгүй байсан.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ