УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын ээлжит хаврын чуулган нээлтээ хийж байна. УИХ-ын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байна. УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг нээж үг хэлэв. Тэрбээр:
-2017 оны намрын ээлжит чуулганы нээлтийг хийж байна. УИХ-ын VII дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын хаврын анхны чуулган нээлтээ хийж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд 21 аймаг, 250 сумаар явж, хууль тогтоомжийг сурталчиллаа.
Иргэд та бидэнд итгэж, эдийн засгийг сэргээнэ гэж сонгосон. Гэхдээ хүсэн хүлээсэнд нь хүрэхгүй байгааг дуулгаж, итгэсэн хэвээр байгааг дуулгаж байна. Хүндрэл бэрхшээлийг хаа нэг газраас хил давуулаад шидчихээгүй. Ачаагаа хэн нэгэнтэй хувааж үүрэх ойлголт байхгүй.
УИХ төсвийг батлахдаа санхүүгийн сахилга батыг анхаарч, зардлаа хасч, хэмнэхэд онцгойлон анхаарсан. Үүнээс санхүү, эдийн засагт эерэг үзүүлэлт гарсан. Татварын орлого 10.2 хувиар нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, ам.долларын ханш тогтворжиж байна.
Олон улсын санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулалт 3.3 тэрбум ам.долларын бонд авах бэлэн байгаагаа мэдэгдсэн. Санхүүгийн сахилга батын талаар авсан арга хэмжээ энэ эерэг өөрчлөлт гарахад түлхэц болсон.
Өнгөрсөн 7 хоногт миний би Япон улсад айлчлахад улс төрийн тогтвортой байдал бий болсонд талархаж байна. Засгийн газар Монгол банкнаас ОУВС-тай хэлэлцээр хийж, хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөр эдийн засгийн хүнд байдлыг даван туулах, хөрөнгө оруулагчдыг татахад нааштай үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.
Юун түрүүн 2017 оны төсөвт тодолтгол хийх шаардлагатай. Тодотголоор төсвийн сахилга батыг бэхжүүлж, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийдвэрлэх нь зүйтэй.
Эх оронд минь хавар цаг ирж байна. Хавар хавсрагатай байдгийг мартаж болохгүй. Зүтгэлийн үрээр амжилт олдог, хаврын дараа зун болдог. Ерөнхий сайд төрийн захиргааны удирдлагатай уулзсан. Эдийн засаг эмнэлгийн сэхээнээс энгийн тасагт шилжсэн. Одоо энэ ондоо энгийн тасгаас гаргах шаардлагатай.
Улсын төлбөрийн чадвар сайжирсан, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн боломжийг ашиглах хэрэгтэй. Монгол Улс “Чалко” компанид тавьсан өрөө бүрэн төлж дууссан. Одоо “Тавантолгой”-н нүүрсний орлого бүрэн төсөвт орно. Царигийн хэмжээ, цацсан мөнгөөс өөр ярих асуудал байна. 1200 км төмөр зам барих дэд бүтцийн ажлыг эхлүүлэх ёстой. Хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ. 2017 оны эхний 3 сард зарлах ёстой 3030 тендэрээс 730 ажлын тендэр зарласан. Сонгон шалгаруулалт удах тусам тендэр будлиантдаг.
Цаг үеийн чухал ажлууд шил шилээ даран хүлээж байна. Төрийн байгууллага албан хаагчдын хариуцлага сул, авлига, хүнд суртал амь бөхтэй оршсоор байгаа нь нууц биш. Төрийн албанд хариуцлага оногдуулах тогтолцоог хуульчилна. Төрийн албаны үйл ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавьж оролцдог байхаар хуульчилна. Төр улсын хөгжил, түмэн олны ирээдүйг эцэстээ оршин байх суурийг авч залгидаг авлигын араа шүдийг сугалах хэрэгтэй хэмээлээ.
Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүхэнд яригдаж байна. Тиймээс төрийн албанд ажиллаж байгаа хүн оффшор бүсэд данстай байж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Хуулийг хэрэгжүүлэхгүй бол цаас болж үлдэж байна.
Үндсэн хуулийн зарим зохицуулалтад өөрчлөлт оруулах талаар ажлын хэсэг гарч ажиллаж байна. Тиймээс хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Энэ асуудалд 7 хэмжиж 8 огтлох журмаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.
Хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүнээ иргэд олон нийт хүндэтгэлтэй хандан сонголтоо хийдэг.
УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье хэмээлээ.
Дараагаар нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж байна. Мөн УИХ дахь АН-ын бүлгээс дүгнэлтээ танилцуулах юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ