Үүссэн нөхцөлөөс гарах бодлогоо тогтоох гэж удсан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн төслийг танилцуулсны дараагаар гишүүд асуулт тавьж байна. Төсвийн тодотголын хэлэлцүүлэг ширүүхэн өрнөж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
Миний хувьд орж ирж байгаа төсвийн тодотголыг бүхэлд нь эсэргүүцэж байна. ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийн дор гаднаас асар их хэмжээний зээл босгож байгаа. Зээлээ юунд зарцуулах нь тодорхойгүй. Аж ахуйн нэгжийн нуруун дээр асар их ачаалал нэмж байгаа. Төр өөрөө тансаг хэрэглээгээ танах, зардлаа багасгасан төсөл оруулж ирэх байх гэж бодож байсан. Гэтэл Засгийн газар маш олон сул орон тоонууд хэвээр үлдэж байна. Тэгсэн мөртлөө өнөө маргаашаа чадан ядан аргацааж байгаа иргэд,аж ахуйн нэгжийн татварын ачааллыг нэмж байгаад харамсаж байна. Зарим зүйлийг царцааж асуудлыг шийдэх боломж байгаа. Өөрсдийнхөө хэрэглээг танахгүйгээр 6 төрлийн татвар нэмж байгаа нь ямар учиртай вэ? Өрийн барагдуулж хямралаас гаргана. Цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэх танай намын амлалт хаачсан бэ?
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-ОУВС-гаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хүрээнд авах зээлийг төсвийн алдагдлыг бууруулахад зарцуулна. Татвар нэмэхээс аргагүйд хүрсэн. 2012 оны эхэнд төрийн албан хаагчдын тоо 140 мянга орчим байсан. Өнгөрсөн Засгийн газар 160 мянга болгосон. Тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчдын оронд дахин хүн томилохгүй. Харин эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын салбарт ажиллаж байгаа хүмүүс тэтгэвэрт гарвал дараагийн хүнийг авна. Эхний 18 сард эдийн засгийн уналтыг зогсоох үүргийг та бүхэн өгсөн.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Манай Засгийн газрын хувьд эдийн засгийг яаж сайжруулах талаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай ярилцах, тэдний санал зөвлөмжийг тусгахаар өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Засгийн газар удаан байна гэдгийг ард иргэд ч хэлж байгаа. Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал гарах бодлогоо олж тогтооход удаан байсан. Бид ОУВС-д Засгийн газар байгуулагдсаны дараа саналаа явуулсан. Ямар арга хэмжээ явуулах вэ гэдгээ эргэлзэж тээнэгэлзсэн хүмүүс хэд дахин Монголд ирж байж бодлогоо гаргасан. Миний бие Сангийн сайд байсан нь үнэн. Харамсалтай нь 8сарын дараа МАН-ыг гаргасан. Тэр үед төсвийг сахилгажуулах тал дээр ажиллаж байсан. Гэтэл энэ үндэслэлээр МАН-ыг Засгаас гаргасан. Хэрвээ тэр үед төсвийн сахилга батыг сайжруулах арга хэмжээ авсан бол өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхгүй байсан.
7 төрлийн татвараас аж ахуй нэгжтэй холбоотой тэтгэврийн насыг нэмэгдүүлэх л байгаа. Түүнээс бусад нь аж ахуйн нэгжид хамаарахгүй. Шатахууны онцгой татварыг валютын ханшаар зохицуулна. 5.5 тэрбум ам.долларын 50 хувь нь өмнөх Засгийн газрын авсан өрийн хугацааг сунгаж байгаа. Монгол банкны своп хэлэлцээрийг сунгах юм. Байдал ийм байна. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдэд татвар төлдөггүй байхыг уриалж байгаад харамсаж байна. Та нийгмийн даатгалын санг дампууруулсан.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Төсвийн тодотголыг хэлэлцэхийг дэмжиж байна. Гэхдээ эндээс асуух зүйл байна. Хүүхдийн мөнгийг зорилтот 60 хувьд олгож байгаа. Гэтэл одоо 40 хувьд нь олгохоор болж байгаад эмэгтэй гишүүд сэтгэл эмзэглэж байна. Мөн тэтгэврийн насыг нэмнэ гэж байна. Энэ асуудлаар хуулийн зохицуулалт хийх шаардлагатай. Өнөө маргаашгүй тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүсийн насыг сунгах гэж байгаа мэт ойлгогдож байна. Хуулийн төслөө сайн тайлбарлах хэрэгтэй. Ер нь тэтгэвэрт бие эрүүл, ажил хийх чадалтай байхад гаргаад байна гэсэн хүмүүс байдаг. Тиймээс хуулиндаа эхлээд зохицуулалт хийх хэрэгтэй.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-Тэтгэврийн асуудлаар бодлогын өөрчлөлт хийх шаардлагатай. Тэтгэврийн сан асар өндөр алдагдалтай байгаа. Сүүлийн 2019-2020 онд өгөх татаасын хэмжээ 2.3 их наяд төгрөг юм. Өмнөх Засгийн газрууд зориг гаргаад үүнийг хийсэн бол өнөөдөр зохицуулалт явагдсан байх байлаа.
ОУВС-гаас тавьж байгаа нөхцөлөөр хүүхдийн мөнгийг зорилтот 40 хувьд олгохоор болсон. Зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүд хүүхдийн мөнгөө ч авна, хүнсний талон ч авна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ