Төрийн банкийг хувьчлах жагсаалтаас хассан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 2017 оны улсын төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн билээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон сайд нар хариулав. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “ Бид 2017 оны төсвийг батлахдаа эдийн засаг 3.6 хувиар өснө гэсэн. Одоо харин бууруулжээ. Том төслүүд хөдлөхгүй юм уу, Төмөр зам яагаад явахгүй байгаа юм, яагаад тэр бэлэн байгаа Гачууртаас өөр төслүүд нь хөдөлдөггүй юм. Яагаад өмч хувьчлалыг зогсоох болов. Зээл авна, концесс авна гэж оруулж ирэхээр эдийн засгийн өсөлт 0.5 хувиас доош унана. Төмөр зам барихгүй гэж тохирсон юм уу. Баахан хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна, тухайн ондоо хийлгүй давуулаад орж ирлээ. Тэр ондоо хийх ёстой биз дээ" хэмээн асуусанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн:
-Эдийн засгийн өсөлтийг тооцохдоо эрсдэл, нөөц энэ бүхнээ харж гаргасан тоо. Өмч хувьчлал явна, орлогыг нь эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд тавьсан. Төрийн банкийг тодотголоор хувьчлахад цаг хугацааны хувьд энэ онд багтах боломжгүй байгаа.
Мөн үнэлгээ нь өсөх боломжтой гэсэн судалгаа гарсан учраас энэ онд хувьчлах жагсаалтаас хассан. Том төслүүдээ бүгдийг хөдөлгөнө, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь 2018 оноос тооцъё гэсэн.
Түрүүчийн Засгийн газрын үед эхлүүлсэн 25.2 тэрбумын ажил 2016 онд багтааж чадалгүй үлдсэн нь 2017 он руу шилжиж орж ирж байна. Энэ нь эдийн засгийн хүндрэлтэй холбоотой хэмээн хариулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ