Сэтгэлийн дуудлагаараа нэр дэвшихээр шийдсэн

АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сунгаагаар тодруулахаа мэдэгдээд байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нэр дэвшин өрсөлдөхөө тус намын гишүүн Д.Дорлигжав сэтгүүлчдэд мэдэгдээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Та яагаад энэ шийдвэрийг гаргах болов. Хэн нэгэн танд санал тавив уу?
-Би намынхаа дотоод сонгуульд өрсөлдөж, нэр дэвшихээ мэдэгдэж байна. Энэ шийдвэрийг гаргахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөллөө. Улс орны өнөөдрийн төр, засгийн авч байгаа арга хэмжээ, тэрнээс гарах үр дүнг харлаа. Шинээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байгаа хүмүүсийн санаа бодол, улс орны хөгжлийн талаар гаргалгааг ажиглаж тандлаа. Энэ бүхнийг эргэцүүлж бодсон. Бид 1990 оноос эх орноо ардчилсан сайхан улс орон болгоно гэсэн дэврүүн сэтгэлээр ардчилалд орж байлаа. Үүнтэй адил энэ цаг үе бол хойшлуулж болохгүй үе. Өнөөдөр өөрийн үзэл бодлыг хойшлуулж болохгүй юм байна гэж бодсоны эцэст үндсэндээ сэтгэлийн дуудлагаараа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо.
-Таны хийх хамгийн том ажил юу байх вэ?
-Эдийн засаг, нийгмийн амьдралд дүгнэлт хийх хэрэгтэй. Аль ч нам нь төрд гарч ирсэн адилхан, бодлого муу байгаа гэж нийгэм шүүмжилж байгаа. Яагаад болохгүй байгаа, ямар гарц байх талаар шүүж бодох хэрэгтэй. Улстөрч хүн нийгэмдээ анализ дүгнэлт хийж, гаргалгаа гаргасан байх ёстой. Би маш их эргэцүүлж бодсоны эцэст нэр дэвших шийдвэрээ гаргасан. Манай нам ч, МАН ч дангаараа засаг барьж үзлээ, хамтраад ч засаг барьсан, асуудал хэвээр, ажил цэгцэрдэггүй. Хувийн явцуу эрх ашиг лавшраад, асуудлыг шийдээд байдаг. Надад ямар хамаа байх вэ гэж нуруугаа үүрээд явж болохгүй. Би 27 жил улс төрд явсны эцэст цаашид яах ёстой талаар бодсон. Хэн нэг хүнд үг дайж хэлээд ч бодлогын түвшинд хэрэгжээд байдаггүй юм билээ. Тиймээс хэн нэгэн хүнд үг дайхаар өөрөө нэр дэвшин өрсөлдөж, өөрөө хэрэгжүүлээд үзье гэж бодсон.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ