Урсгал зардлыг нэмж тусгасныг эсэргүүцэж байна

Хуульзүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлд 2018 оноос нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар нэмэгдүүлэхээр тусгасан гэдгийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь танилцуулав. Оны өмнө баталсан Төсвийн тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн орлогыг 1 их наяд 390.8 тэрбум төгрөг байхаар тусгасан. Шимтгэлийн хэмжээг таван хувиар нэмснээр орлого 1 их наяд 412.8 тэрбум төгрөг байхаар тодотголд тусгажээ. Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сард баталсан Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, 17, 21 дэх заалтыг тус тус хүчингүй болгох аж. Дээрх заалтуудад улсын хил болон алслагдсан анги, байгууллагад таван жилээс дээш хугацаагаар алба хааж байгаа офицер, ахлагчид нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох, цэргийн тэтгэвэр тогтоолгосон бэлтгэл, чөлөөнд байгаа дээд офицерт урьд эрхэлж байсан албан тушаалын цэргийн цолны цалинг сар бүр олгохоор тусгаад байсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэх нь иргэдийн амьдрал болон аж ахуй нэгжийн санхүүгийн чадамжид сөргөөр нөлөөлөх магадлалтай гэсэн юм. Ийнхүү гишүүдээс гарсан санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараагаар нь энэ оны төсвийн тодотголын төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүн Б.Пүрэвдорж “ОУВС-тай хэлэлцээр хийх үед татвар нэмэх талаар тусгаагүй. Гэтэл татвар нэмээд оруулаад иржээ. Урсгал зардлыг төсвийн тодотголоор нэмж оруулахыг эсэргүүцэж байна. Тэвчиж болох зардлаа тэвчих хэрэгтэй. ХЗДХ-ийн сайдад тусгасан урсгал зардал нэмэгдүүлэхийг хасах санал гаргаж байна” гэсэн юм. Үүнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Энэ нь сайдын цалинг нэмэх гэж байгаа зардал биш. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн ажилтнуудыг үйл ажиллагаагаа явуулахад зарцуулагдана” гэсэн юм. Ингээд ХЗДХ-ийн сайдын багц дахь урсгал зардлыг 8.4 тэрбум төгрөг хасах санал хураалт явууллаа. Байнгын хорооны гишүүдийн олонх энэ саналыг дэмжээгүй юм.
Ингээд Хууль тогтоомжийн тухай тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ