Б.Чулуудай: Би аавыгаа хэлмэгдүүлж байна

Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Бат-Үүлийн Чулуудай оролцлоо. Түүний ярианаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Оффшорын асуудлаар:
- Монголд хөрөнгө оруулалт хийх зорилгоор "Strategic Mines Inc" компаний ажлыг эхлүүлсэн.
- Оффшор бүсэд компани байгуулснаа хүлээн зөвшөөрч байна. Дансаар гүйлгээ хийх гэдэг бол тусдаа ойлголт. 2013 онд Стратегийн тухай хууль гарсан. Энэ хуулиар Монголд хөрөнгө оруулахад хийхэд эргэлзээтэй болж байна. Тиймээс хөрөнгө оруулалтаа түр харзная гэж явж байгаад үйл ажиллагаа цаашид явуулах боломжгүй гээд компанийг татан буулгасан.
- Би оффшор данс нээгээгүй, дансанд мөнгө хийгээгүй.
- Цагдаагаас мэдэгдэл өгсний дагуу би иргэний хэргээр шүүхэд хандсан. Би өөрийнхөө, аавынхаа нэр төрийг цэвэрлэж авна. Үнэхээр тэр хүмүүст баримт нотолгоо нь байгаа бол холбогдох газарт нь гаргаж тавиад энэ асуудлыг эцэслэх ёстой.
- Сонгуулийн хойш Mongol HD телевиз ч, иргэн Ганбаяр ч юм яриагүй. Гэтэл одоо сонгууль дөхөнгүүт оффшортой гээд яриад эхэлсэн. Намайг данстай гэж байгаа хүмүүс нотолгоогоо гаргаж тавиач. Тэгээд үнэн бол би хуулийн дагуу хариуцлагаа хүлээе.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд:
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд би өөрийнхөө зүрх сэтгэлээрээ, иргэний хувиар гар бие оролцоод явъя гэж шийдсэн. Хүмүүсийн ярьж байгаа шиг газрын тендер бол биш.
- Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэд өөрсдөө компаниа сонгосон. Санал хураалт явуулж, Грандлайн компанийг сонгосон.
- Тухайн үед би өөрөө ил гараагүй. Яриа хэлэлцээрт манай компанийн гүйцэтгэх захирал оролцож байсан.
- Би Монголын иргэн. Нээлттэй явагдаж байгаа ажилд оролцоод явахад хотын даргын хүү байх нь хамаарахгүй. Хотын дарга нөлөөлөхгүй учраас би өөрийнхөө чадал чинээгээр хүмүүсийн өмнө иргэнийхээ үүргийн биелүүлье гэж зорьсон. Би тэндээс ашиг хонжоо хараагүй.
- Дахин төлөвлөлтийг хүмүүс сайн ойлгоогүй учраас оролцдоггүй, компаниуд ордоггүй байсан. Тиймээс би аавынхаа хийж байгаа ажлыг дэмжчих юмсан. Хийх ажилд нь оролцоод явъя л гэж бодсон. Би гараа хумхиад хойшоо сууж болох байсан.
- Гэр хорооллын дахин төлөвлөлийн ажилд бид өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээд явах ёстой. Энэ дагуу бид тухайн үед 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
- Туршлагатай сайн компанитай хамтарч, хөрөнгө оруулалт хийх нь бизнес эрсдэлгүй байх сайн талтай. Тиймээс бид Туркийн компанитай гэрээ байгуулсан. Бэлэн мөнгөөр хөрөнгө оруулна гэж гэрээ байгуулсан туркууд гэрээгээ биелүүлээгүй. Тиймээс бид гэрээгээ биелүүлэхийг шаардсан.
- Барилгын хэв хашмал, тээврийн зардал гэх мэт зүйлсийг нийлүүлээд 1.3 сая долларын хөрөнгө оруулалтийг танай компанид хийж байна гэсэн тайлбар өгсөн. Үүнээс болж маргаан үүсээд, арбитрын шүүхэд очсон. Ингээд төслийг үргэлжлүүлэх боломжгүй болоод өөр компаниудад шилжүүлэхээр болж, Бэрэн компани хүлээж авсан.
- Бид 41 айлын газрыг чөлөөлсөн.
- 41 айлаас одоо 32 айл байрандаа орсон. Үлдсэн айлуудтай Бэрэн групп гэрээ хийгээд, байранд оруулахаар ажиллаж байгаа.
Бусад асуудлаар:
- Манай аав 1988 онд хувьсгал эхлүүлж, ухуулах хуудас наасан, үүнийг ард түмэн мэддэг. Цагдаа, тагнуулд баригдаад, төрийн эсрэг ажилласан гэмт хэрэгтэн гэж саатуулж байсан. Энэ үйл явцын дунд би өссөн.
- Улс төрийг би мэдэхгүй. Улстөрчийн гэр бүл маш хүнд байдалд байдаг. Тиймээс би төрд ажиллахаас, улс төрөөс хол байхыг хүсдэг. Би бизнес хийхийг л хүсдэг.
- Миний ээж, аав өвдлөө гэхэд яг өнөөдөр надад мөнгө байхгүй.
- Өнөөдөр надад бизнес хийх боломж байхгүй. Сүүлийн дөрвөн жил татвар, хүчний байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээр нь банкны зээл. Ингээд бүх зүйл нуруун дээр. Хэдэн тийш нь зулгаасан.
- Би Бат-Үүл гэдэг хүний хүү болж төрсөндөө буруудсан юм байна гэж анх бодсон. Одоо бодоход бол үгүй. Би аавыгаа хэлмэгдүүлж байна гэж боддог.
- Би аав, ээж хоёроосоо уучлал гуйна.
- Улстөрч хүний хүүхэд бизнес хийж болохгүй гэсэн хууль байхгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ