Яам бүр концессийн ажил хэрэгжүүлэх үү

img

Эдийн засгийн байнгын хорооны хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлэгдсэн Концессийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

 

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Концессийн хуультай холбоотой гурван зөвлөмж авсан байна. Өмнө хийгдсэн концесст аудит оруулах, Концессийн хуульд өөрчлөлт оруултал барих, шилжүүлэх нөхцөлөөр концессийн гэрээ байгуулахгүй байх,  концессийн гэрээгээр ажил эхэлсэн бол зогсоох гэсэн шаардлага тавигдсан учир энэ төрлийн ажил үндсэндээ зогсоод байгаа аж.

 

Харин Засгийн газраас Концессийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ яам бүр концессийн гэрээгээр хийх ажлын саналаа Сангийн яаманд хүргүүлж, зөвшөөрөл олговол ажил нь эхэлдэг байхаар заажээ.  Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва:

 

-Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөр сайд бүр концессийн ажил хэрэгжүүлээд эхэлбэл замбараагүй байдал үүснэ. Ерөнхий сайдын харьяанд байх Үндэсний бодлогын хороо концессийг хариуцаад явах ёстой. Ингэж байж, цэгцэрнэ. Ийм учраас Концессийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах ёстой гэсэн санал гаргав.  

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарын “Концессийн хуулийг буцаавал ОУВС-тай тохирсон хөтөлбөр хэрэгжихэд хүндрэлтэй болно. Ийм учраас хуулийг хэлэлцэх шатанд асуудлыг шийдээд явах боломжийг эрэлхийлэх ёстой” гэж байлаа.

 

Ингээд санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонх Концессийн тухай хуулийг буцаах шаардлагагүй гэж үзсэн юм.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ