УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэв. Дараагаар нь энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат горимын санал гаргав. Тэрбээр:
-Төсвийн хоёр, гуравдугаар хэлэлцүүлэгтэй холбогдуулан дараах асуудлыг тодруулах үүднээс 5 хоногийн завсарлага авч байна. Үүнд, улсын төсвийн тодотголыг хэлэлцэхэд ОУВС-гийн оролцоо байсан эсэхийг судлах хэрэгтэй. Сайд нарын төсвийн зардал 24 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Гэтэл хүүхдийн мөнгийг зорилтот 60 хувиас бууруулах асуудал орж ирсэн байгааг эргэж харах шаардлагатай. Мөн Тэтгэврийн насыг уртасгах нь Монголын уур амьсгалд зохицох эсэх, автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэхэд ард түмний унаа болсон приус машиныг хамруулах нь зөв үү буруу юу, эдийн засгийн хүндрэлэй энэ үед иргэдээс татвар авах нь хэрэгтэй юу гэдгийг судлах хэрэгтэй. Цэргийн албан хаагчдын эрхзүйн төслийг боловсруулахдаа офицер ахлагч нарын мэргэжлийг дээшлүүлэх зардал танагдахаар байна. Үүнийг судлах хэрэгтэй хэмээлээ. Үүнд УИХ-ын дарга М.Энхболд:
-Төсвийн тодотголыг аль болох түргэн хугацаанд батлах нь ОУВС-гийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулахад шаардлагатай. Тиймээс тав хоногийн биш нэг цагийн завсарлага өгье гэсэн юм. Харин УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-Засгийн газар ОУВС-д оруулах хөтөлбөрөө өөрсдөө боловсруулсан гэдгийг ОУВС-гийн суурин төлөөлөгч хэлсэн байна лээ. Гэтэл Сангийн сайд "ОУВС-гийн зөвлөснөөр төсвийн тодотголыг баталсан" гэсэн. Би маргааш ОУВС-гийн суурин төлөөлөгчтэй уулзах хүсэлт тавьсан. Энэ чинь Монгол орны хувь заяаны асуудал. Айл өрхийн төсвийн асуудлыг ч төсвийн тодотголд тусгасан. Үүнийг нухацтай хэлэлцэх ёстой учир биднийг шахаж шаардахгүй байхыг хүсье гэсэн юм. Гэвч УИХ-ын дарга М.Энхболд энэ оны төсвийн тодотголын түргэн хугацаанд батлах шаардлагатай гэгдийг дахин онцлоод УИХ дахь АН-ын бүлэгт тав хоногийн бус гурван цагийн завсарлага олголоо.
Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав.
Н.Энх
Уншиж байна |