Хайран амь

img

Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд Зэвсэгт хүчний 350 дугаар анги байлдааны буудлагатай тактикийн  хээрийн сургуулилт хийж байх явцад байлдааны гар гранат дэлбэрч, тус ангийн ахмад, ахлагч хоёр амь эрсэдлээ. Хайран сайхан залуус хийж бүтээх эд насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэв.

 

Талийгаач Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн ахмад Б.Мөнгөншагай бид нэг нутгийнх. Саяхан л эчнээ мэдэх эрх багийн зангаараа эелдэгхэн мэндлээд, нүдээрээ инээгээд алхаж явсансан. Тэгтэл нэг л өглөө танилынхаа тухай Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч даргын амнаас “Амь эрсэдсэн алба хаагч Батсуурийн Мөнгөншагайн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье” гэдэг үгийг сонсоход сэтгэлд хачин хүнд байлаа. Хайран амь, хайран халуун залуу нас.

 

Тэр багийн л хэн бүхний хайрыг татсан хүү байлаа. Түүний аав Төв аймгийн Баян сумын 8 жилийн дунд сургуулийн дуу хөгжмийн багш. Харин ээж нь сургуулийн нийгмийн ажилтан. Сумандаа л “сэхээтэн” айлын хүү байв. Үргэлж л шинийг эрэлхийлдэг сониуч, сэргэлэн цовоо хүү байсан.

 

Тэрбээр:

 

  • 1994-2002 онд Төв аймгийн Баян сумын 8 жилийн дунд сургууль,

 

  • 2002-2004 онд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн 10 жилийн дунд сургууль,

 

  • 2004-2009 онд Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн командын сургуулийг “Зэвсгийн алба” мэргэжлээр төгссөн.

 

Харин ажлын гараагаа 2009 оноос Зэвсэгт хүчний 015 дугаар ангид салааны захирагчаар томилогдон эхэлж байсан. Цаашлаад 2010-2011 онд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид галын бэлтгэлийн багш, сургагчаас, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид Зэвсгийн дарга, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн Зэвсгийн офицероор томилогдон ажиллаж байсан юм. Тэр лав ил цагаахан мөрөөдлөөрөө алс хэтийг түүчээлэн Монголын Зэвсэгт хүчинд тод мөрөө үлдээхийг хүсэж явсан байхдаа.  Үүнийг нь ч авсан шагнал, бүтээсэн гавьяа нь илтгэнэ.

 

Тэрбээр Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөн, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад 2011 онд Монголын артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 12 дугаар ээлжинд бүлгийн даргаар, 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын цэргийн багийн II ээлжинд Зэвсгийн офицероор үүргээ гүйцэтгэж, төр, засгийнхаа итгэл, даалгаврыг амжилттай биелүүлсэн, туршлагатай Энхийг сахиулагч офицер байжээ. Энэ бүхэн түүнийг Монголын Зэвсэгт хүчинд хоёргүй сэтгэлээр зүтгэж, цэрэг армийн зам мөрийг тэгшитгэж явсныг гэрчилнэ. Салаан захирагчаас зэвсгийн офицер болтлоо дэвшиж  Зэвсэгт хүчинд хүчин зүтгэж явсан энэ эгэл хүүгийн амьдралын зам мөр яасан үнэн,  ямар гэгээн юм бэ дээ.

 

Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Энхийн төлөө медаль, Афганистанд энхийн дурсгалын төлөө медаль, Африкт энхийн төлөө дурсгалын медаль, НҮБ-ын медалиар тус тус шагнаж байжээ. Дайн дажинтай улс оронд нэр төртэйгээр энхийг сахиулаад ирсэн хэр нь дэндүү амгалан эх орондоо амь эрсэдсэн нь даанч хайран юм.

 

Олныг эргэцүүлдэг болов уу гэмээр ухаалаг харцтай. Дөнгөж 30 хүрч яваа ч идэр насандаа зоримогхон зориглож, хийж бүтээж явсныг нь илтгэх хэрсүү төрхтэй.  Дуу хөгжмийн багш ааваасаа үлгэрлэж өссөн нь  гүдс шулуун зан, итгэж болмоор эгэл даруу зан, хачин намбалаг төрх нь түүнд даанч зохидог байсан.  Харамсмаар нь албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдчихлаа. Аавыгаа “өвчсөн” мэт дуурайсан зургаан настай хэрсүү бяцхан хүү, давхар биетэй эхнэрээ орхиод даанч яаруу буцчихлаа.

 

Амиа алдсан алба хаагчдийн гэр бүл, төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Харийн нутагт амь дуйсэн алба хааж эргээж ирээд эх орондоо тайван цагт амь урэгдэнэ гэдэг Маш харамсалтай Гун эмгэнэл илэрхиилье
2017-04-15
Зочин:
Хари
2017-04-15
зочин:
ум маана бад мэ хум
2017-04-13
Иргэн:
Өө хайран залуу. Батсуурийн маань хүү юм байна. Ум сайн амгалан болтугай
2017-04-13
Зочин:
Hairan saihan zaluu mash ih haramsaj bna
2017-04-13
зочин:
Хайран хүү, хайран аав, хайран хань, хайран сайхан залуус минь гэр бүлийхэнд нь гүн эмгэнэл
2017-04-13
zochin:
hairan saihan zaluus mini.yasan ert butsna ve.ger buld ni gun emgenel ilerhile.yamar bosood ireh bish dee yasan hetsuu yum ve
2017-04-13
зочин:
Хайран сайхан залуучууд минь
2017-04-13