Би коридорт гаръя

УИХ-ын Тамгын газраас зарим гишүүдийн өрөөний хуваарилалтад өөрчлөлт оруулахаар болжээ. Үүнтэй холбоотой О.Баасанхүү гишүүний өрөөг солих албан бичгийг ирүүлсэн байна. Тэрбээр Төрийн ордны баруун жигүүрийн хоёрдугаар давхарт 203 тоот өрөөнд суудаг. Өмнөх парламентын үед “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар томилогдохдоо энэ өрөөнд шилжин ирсэн бөгөөд шинээр парламент бүрдэхэд ч дахин энэ өрөөндөө тохижсон юм. Үүдэнд нь туслахууд суудаг, хоёр тасалгаатай уг өрөөг бүлгийн дарга нарын өрөө ч гэж ордныхон нэрийддэг. Харин тэрбээр УИХ-ын Тамгын газрын шаардлагыг эсэргүүцэж, УИХ-ын даргын өрөөний хажууд коридорын хэсэгт байрлахаа болсноо мэдэгдлээ.
УИХ-ын Тамгын газрын зүгээс түүний байрлаж байгаа өрөөнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг оруулж, харин О.Баасанхүү гишүүнийг Д.Эрдэнэбат гишүүний өрөө рүү шилжүүлэхээр шийдсэн аж. Үүнтэй холбогдуулан О.Баасанхүү гишүүн УИХ-ын чуулганы танхимын дэргэдэх индэрээс мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:
-Парламентад ганц суудалтай МАХН-ын төлөөлөл миний өрөөг заавал солих шаардлагатай юу. Хэрвээ өрөө солих шаардлагатай бол 65 гишүүнийхээ өрөөнөөс сонгох хэрэгтэй. Үгүй бол тэднийхээ нэг өрөөнд нь намайг оруулж болно. Ийм байдалд хүргэсний цаад санаа нь О.Баасанхүү улс төрийн акци биш өрөөний хэрүүл хийдэг гэдэг ойлголт төрүүлэх гэж байна.
Намайг МАН-д орох гэж байна гэдлэг яриа гаргаж байна, битгий горьд гэж хэлнэ. Хэрвээ эд нар өрөөнөөс гаргаж байгаа бол би коридорт гаръя. Дөрвөн жил идэж уудаг, төрийн хамаг эрх мэдлээ ашиглаж, өр ширэнд хийж байгаа асуудалтай хатуу тэмцэнэ хэмээн тун цухалдангуй мэдээлээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Таны байгаа өрөө бүлгийн дарга нарын байдаг өрөө юм биш үү?
-Төрийн ордонд тэр байдаг, энэ байдаг гэдэг өрөө байдаггүй. Өрөөндөө жил шахам болох гэж байна. Чуулганы үйл ажиллагаа хэвийн явж байхад хүндрүүлж байгаа нь таалагдахгүй байна.
-Таныг өмнө нь суллаж өг гэдэг шаардлага тавьж байсан гэсэн?
-Бичгээр ганцхан энэ шаардлага л ирсэн. Хэрвээ ийм байдалтай байвал Ардын намын бүлгийн даргын өрөөнийх нь үүдэнд суусан ч болно. Нарийн яривал УИХ-ын даргын өрөө ч гэж байхгүй. Ер нь бол ганц гишүүнийг хэн ч биш болго гээд явуулаад байгаа зүйл.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ