Гудамжинд цэр, нусаа хаявал 10 мянгаар торгоно

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Гишүүд торгууль ногдуулах, эрх хасах асуудалд нухацтай хандаж байлаа. Гэхдээ торгуулийн хэмжээг өмнөх хууль зааснаас багасгасан гэдгийг ажлын хэсэг тайлбарлаж байлаа. Торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцдгийг болиулж, нэгжээр тооцохоор болсон байна. Өмнө нь нэг нэгж 2000 төгрөгтэй тэнцдэг байсныг 1000 төгрөг болгохоор төсөлд тусгажээ. Дараагаар нь зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.
Ажлын хэсгээс "Гудамж талбайд цэр нус хаявал 10 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулна. Архи, согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрөөгүй газар хэрэглэсэн, мэс зэвсэг биедээ авч явсан бол 25 нэгжээр торгоно. Мансуурсан, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэжгээд нэгжээр торгох буюу баривчилна. Ингэхдээ албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаанд баривчлах" гэсэн заалт оруулжээ. Гишүүд мансууруулах бодис гэдгийг тодруулж байлаа.
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар шийтгэж аж. Харин цавуу, бензин зэргийг үнэрлэж мансуурсан тохиолдолд Зөрчлийн хуулиараа шийдэх гэнэ. Гишүүн Ж.Батзандан:
-Мансуурсан үед нь баривчилна гэж байна. Тэгвэл хоёр пиво уучихаад мансуурсан явж болно. Айраг уучихаад мансуурч болно. Ингээд аж ахуй нэгжүүдээр очиж, хэл ам татна. Наанадаж дэлгүүрт оочер дугаар зөрчинө. Энэ бүхэнд баривчлаад байх уу. Шүүхэээс гадуур цагдаагийн дур зоргоор баривчлаад байж болохгүй. Шийтгэх торгуулиар нь үлдээвэл ямар вэ?. Хүний эрхэнд халдаж болохгүй гэдгийг анхаарууллаа. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:
-Хууль санаачилсан төслөөр нь явчихвал олон нийтэд илүүтэй хүрэх байх. Олон нийтийн дарааллын журам зөрчсөн, хэрүүл маргаан үүсгэсэн тохиолдолд гээд тодорхой зааж өгсөн. Үүний цаана нэг хүний эрх нөгөө хүний эрхээ хязгаарлагддаг. Хүний эрх зөрчихгүй бол хүний эрхэнд халдахгүй. Тиймээс баривчлах төслөөр нь үлдээх нь зөв гэсэн юм. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Танхайрах гэсэн зөрчлийг бид бүтэн өдөржин хэлэлцсэн. Согтуурах, танхайрах, зүй бусаар бие авч явах зөрчлийг бүгдийг багтаасан байгаа. Олон улсын конвенциор танхайрсан тохиолдолд хорих нь хориотой. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тохиолдолд баривчлахаар оруулсан. УДШ үүнд тайлбараа гаргасан хэмээв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ