Хар тамхины хэргээс урьдчилан сэргийлэх асуудалд анхаарч ажиллана
Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт ярилцлага зохион байгуулсан билээ. Уг уулзалтаар прокурорын байгууллага сард 3-аас доошгүй удаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгч байхаар ярилцан тохиролцсоны дагуу өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж мэдээлэл хийлээ. Уулзалтанд Улсын Ерөнхий прокурорын туслах, Сургалт, судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Г.Ганзориг, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Т.Сүхбаатар, Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай, Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хяналтын прокурор Д.Мөнгөнцэцэг нар оролцож зохих мэдээлэл хийлээ. Уулзалтанд мэдээллийн хэрэгслийн 47 ажилтан оролцож, сонирхсон асуудлаар асуулт тавьж хариулт авлаа. Улсын Ерөнхий прокурорын Газрын Сургалт судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Г.Ганзориг “Прокурорын байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох зорилготой ажиллаж байгаа бөгөөд прокурорын байгууллага хүний эрх эрх чөлөөг дээдлэн хамгаалж, Үндсэн хууль Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хувь хүний нууцыг хуулиар хамгаалахаар заасан, түүнчлэн мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байх үүрэгтэйг онцлон, аль аль талдаа хариуцлагатай хандаж, олон нийтэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэйг онцлон дурьдав”. Нийслэлийн прокурорын орлогч Е.Сагсай өнгөрсөн онд Нийслэл дүүргийн прокурорын газрууд гэмт хэргийн тухай 35120 гомдол мэдээллийн шийдвэрлэлтэнд хяналт тавьж 12349 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэж, 2400 гомдлыг харъяаллын дагуу шалгуулж шийдвэрлэсэн талаар мэдээллээ. 2011 онд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгаа хамтын ажиллагааны төв хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн гэмт хэргийн тухай 270 гаруй мэдээллийг давхар хяналтанд авч 43 гомдлыг харъяа прокурорын газруудад шалгуулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан байна. Уулзалт ярилцлагын явцад прокурорын байгууллага 2012 онд хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг зөрчил болон сүлжээний хууль бус бизнесээс ард иргэдийг урьдчилан сэргийлэх зэрэг асуудалд анхаарч ажиллах болсон талаар танилцууллаа. Мөн түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” үндэслэл болон хугацааны талаар хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй тайлбар өгсний гадна Улсын Их Хурлын гишүүн Д.Дондог, Л.Гүндалай, Х.Наранхүү нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа болон шийдвэрлэлтийн талаар зохих тайлбарыг өгсөн байна. УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ