Иргэдийн нүд, чихийг боож болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг дэмжив. Дараагаар нь Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Энэ хуулийн төсөлд 6.21 дүгээр зүйл.Гүтгэх “1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын торгуулийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлэх саналыг гишүүн Ц.Гарамжав гаргаж, байнгын хорооны хуралдааны гишүүд дэмжсэн билээ. Иргэний эрхийг зөрчсөн энэ заалтыг эсэргүүцэж байгаагаа хэвлэл мэдээллийнхэн бид илэрхийлж байгаа.
Зөрчлийн хуулийг хэлэлцэх үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байнгын хорооны хуралдаанд оролцож үг хэлэв. Тэрбээр:
-Төрийн зүгээс шийдэж байгаа учраас иргэд, аж ахуйн нэгж, бүтээгчдийн талыг барьж ажлаа хийх хэрэгтэй. Энэ чиглэл рүү анхаарах хэрэгтэй байх гэж бодлож байна. Шүүх дээр асуудал очсон л бол шийдвэрлэх хэрэгтэй. Шүүх дээр дутуу материал ирүүлдэг, мөрдөн байцаах байгууллагуудын дутуу хийсэн зүйлийг дахин буцааж, иргэд, аж ахуйн нэгжийг хохироодгийг болих хэрэгтэй.
Иргэдийн эрх, үзэл бодлоо чөлөөтэй хэлэх эрхийн асуудал хөндөж байна. Энэ үнэт зүйлээ хамгаалсан байдлаар шийдвэр гаргах хэрэгтэй. Төрд эхлээд хариуцлага бий болгоё. Төрд алба хашиж байгаа хүмүүс дээр ёсзүйн дүрэм гаргах хэрэгтэй. Нүд, чих болсон иргэдийн эрхийг боомилсон ямар нэг заалт оруулж болохгүй. Ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж яриад байгаа фэйсбүүк, твиттерийн талаар яригдаж байна. Үүнийг техникийн аргаар зохицуулж болно. Гэтэл хамгийн бүдүүлэг аргаар торгоно, шийтгэнэ гэдэг бол буруу зүйл. Манай улстөрчид гүтгүүлээд иргэний хуулиар асуудлыг шийдвэрлэх боломж Иргэний хуулиар бүрэн байгаа.
Торгууль нэмлээ гэдэг дээр шуугиан болж байна. Торгууль нэмэх саналаа татаж авлаа гэхээр үндсэн санал нь үлдэж байна. Үндсэн саналаа ч татаж ав. Өөрсдийгөө тойрсон ёсзүйн, хариуцлагын хуулиа батлаагүй байж, иргэдийн нүд, чихийг боож болохгүй. Ухаалаг улстөрчид өөрсдийн үйлдлээ хянаад явдаг. Иргэдтэй холбоотой асуудлаар барьцах, зогсоох үйл ажиллагаа явуулж болохгүй. Өөрийнхөө үг, үйлдлээ хянаад явахад хэвлэл мэдээллээр гарсан зүйл албан тушаалтнуудад хэрэгтэй байдаг. Хэрвээ гүжирдлэг байвал няцаах эрх нь байгаа. Энэ заалтыг бүрэн хүчингүй болгох хэрэгтэй. Улс төрийн алба хашиж байгаа хүн гомдол гаргаад явдаг заалтыг хасах хэрэгтэй. Иргэний хувиар гомдол гаргах эрх нь бүрэн нээлттэй байгаа шүү.
Хөрөнгө оруулалтын хуулийг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх хэрэгтэй. Гаднынханд газар, үндсэн хөрөнгөө барьцаалж болохгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал. Үүн дээр УИХ-ын гишүүд онцгой анхаарах ёстой. Газар нутгаа гадныханд барьцаалж болохгүй. Шаардлагатай бол энэ хуулийг буцаах ёстой.
Энэ гурван асуудлаар би санал оруулж байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд чуулганы хуралдаанд оролцож, санал хэлж болно гэсэн байдаг. Хариуг надад бичгээр ирүүлээрэй хэмээлээ.
Үүний дараагаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүдийн нэрсийг авлаа. Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав. Үдээс хойш 15.00 цагаас Зөрчлийн хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ