Ц.Гарамжав торгууль нэмэгдүүлэх саналаа татлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэлж байгаа юм. Зөрчлийн тухай хуулийн гүтгэх заалтын торгуулийн 5 дахин нэмэгдүүлж, хувь хүн 10 сая, хуулийн этгээд 100 сая хүртэл торгуулийн саналыг гаргасан Ц.Гарамжав гишүүн саналаа татаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр:
-Байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэх явцад 6.21-нд Гүтгэх гэсэн заалт бий. Энэ саналыг би санаачилсан. Үүнд “6.21 дүгээр зүйл.Гүтгэх гэсэн хэсэгт “1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан байсан.
Хувь хүн хоёрхон сая төгрөгөөр гүтгэж, доромжлоод, тэр хүний бүх насаараа бүтээсэн зүйлийг үгүй хийж болно. Гүтгэлэг бол нийгмийн хамарсан гамшиг гэж би боддог. Гүтгэлгийн тухай хуулийг батлах нь гэж байгаа юм биш. Үүнийг чуулганы хуралдаанаар хэлэлцээд олонхийн саналаар баталдаг.
Нэг салбар руу чиглэсэн гэж сэтгүүлчид үзэж байгаа нь буруу. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхнийг хэвлэн нийтлэхийг хамгаалсан хууль байдаг. Өчигдөр олон иргэд надтай уулзлаа. Үүний дараа хэвлэлийн хуудас, телевизийн дэлгэцийг харлуулж, орон даяар гаргахын оронд надтай уулзаж болох байсан. Тийм учраас би торгууль нэмэх саналаа албан ёсоор татан авч байна.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:
-Ц.Гарамжав гишүүнд баярлалаа. Хуулийн төсөлд анхаарах зүйл байгаа. Гүтгэгдээд гэр бүлд нь хохирол учирсан бол иргэний журмаар шийдвэрлүүлэх нь Иргэний хуульд нээлттэй байгаа. Гүтгэхтэй холбоотой асуудал Монгол Улсад анхаарал татаж, сэдэв болж байна. Талцал, хуваагдал ч явж байна. Тийм учраас гүтгэх үйлдэлд Зөрчлийн хуулиар торгуулийн шийтгэлтэй. Үүнтэй холбоотой зөвхөн хэвлэл мэдээллийг шийтгэхгүй. 1990 оноос хойш 2000 гаруй хэрэг гүтгэхтэй холбоотой үүссэн байдаг. Үүний тал нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой, тал нь иргэдтэй холбоотой байсан.
Байнгын хорооны хуралдаанд 11 гишүүний ирцтэй байсан. 7 гишүүн сууж байсан. Зарим гишүүд маань хурлын үеэр гарч, орж байсан. Гүтгэх асуудлаас болоод хүн амь насаа алдсан тохиолдол байдаг. Өнөөдөр рестораны хоолонд жоом явж байна гэхэд тухайн газраар хүмүүс үйлчлүүлэхээ больчихдог. Тийм учраас энэ асуудалд болгоомжтой хандах ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Гүтгэх гэдэг бол эрх чөлөө биш гэж хэлсэн сэтгүүлчид баярлалаа. Иргэд надтай уулзсан, тойргийнхон маань саналаа солилцсон. Тэр хүмүүст би баярлаж байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ