Засгийг ”давхар дээл”-гүй болгох уу

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх уулзалтын санал асуулгын хуралдаан үргэлжилж байна. Хэсгийн хэлэлцүүлэг өндөрлөж, нэгдсэн хуралдаан болж байна. Нэгдсэн хуралдаанаар хэсгүүдийн бэлтгэсэн асуултад экспертүүд хариулж байна.
Номингэрэл / Сүхбаатар аймаг/
-Сайд нар давхар дээлгүй байж болдоггүй юм уу?
Эксперт Н.Лүндэндорж:
-Давхар дээлгүй байж болно. Үүнд болохгүй зүйл үгүй. Давхар дээлгүй бол ажил нь бүүр сайн явна. Манайх шиг нэг танхимтай парламенттай улс хэзээ ч давхар дээлтэй сайдтай байдаггүй юм.
Эксперт М.Батчимэг:
-Ерөнхий сайдад томилох эрхийг нь өгөхөөр буруугаар ашиглахгүй гэдгийг яаж батлах вэ гэж байна. Ерөнхий сайд өөрөө маш том хариуцлага хүлээж байгаа. Танхимын сайд нь огцрохгүй бол Ерөнхий сайд өөрөө огцрох юм.
Эксперт Мөнхсайхан:
-Ерөнхий сайд танхимынхаа хүнд сайд хэн байх вэ гэдгийг УИХ-аас асуухын өмнө эхэлж Ерөнхийлөгчөөс асуудаг байсан. Дараа нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад үүнийг зөвхөн парламентаас асуухаар болгосон. Ард түмний итгэлийг авсан лидерүүд парламентад орж ирээд, амлалтаа биелүүлэх үүднээс Засгийн газарт байх асуудал байдаг.
Баярмаа /33 дугаар хэсэг/:
-Яамдын сайд нарыг салбар салбараас нь томилвол ямар вэ?
Эксперт Батчимэг:
-Ерөнхий сайд бол улстөрч. Томилгоогоо хариуцлага хүлээдэг, ажлаа мэддэг хүн байх ёстой. Түүнээс бус салбараас асууна гэдэг нь өрөөсгөл ойлголт. Хариуцлагатай хүнээ л томилуулах ёстой.
Сайранбеек /29 дүгээр хэсэг/:
-Ерөнхий сайдад эрх өгвөл мэргэжлийн Засгийн газар байгуулж чадах уу?
Эксперт Энхбаатар:
-Хариуцлага хүлээж чадах хүнийг парламент Ерөнхий сайдаар томилох ёстой. Ерөнхий сайд хамгийн гол нь сайн менежер байх ёстой.
Эксперт Н.Лүндэндорж:
-Мэргэжлийн Засгийн газар байгуулахад том алхам хийж чадна. Энэ Ерөнхий сайд өөрөө нэг ч хүний нэр хэлэх эрхгүй байж мэднэ. Учир нь намынх нь удирдах зөвлөл, бодлогын зөвлөл нэр тулгах байх.
Амарзаяа /1 дүгээр хэсэг/:
-Ерөнхий сайд өөрөө сайд нараа бүрдүүлвэл ямар шалгуур тавих вэ?
Эксперт М.Батчимэг:
-Бид мэргэжлийн Засгийн газартай ажиллая гэвэл төрийн албан хаагчийг мэргэжлийн түвшинд байлгах хэрэгтэй. Сайд өөрөө улс төрийн албан тушаал.
Цэндсүрэн/49 дүгээр хэсэг/:
-Манай хэсэг УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүн байх шаардлагагүй гэж үзсэн. Үндсэн хуульдаа яамдын нэрсийг оруулах нь зүйтэй гэсэн асуудал дээр санал нэгдсэн.
Ийнхүү асуулт хариулт өндөрлөж, Ерөнхийлөгчийн эрх үүргийг тодорхой болгох дараагийн сэдвийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хийж байна. Нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ